Боловсролын салбарыг тойрсон элдвийн асуудал хэл ам дагуулсаар. Их, дээд сургуулиудын захирал хандив нэрээр авлига авдаг л гэнэ. Харин багш нар нь цалин бага хэмээн эсэргүүцэж, жагсаал цуглаан хийх юм гэнэ гэдэг мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сенсаац байлаа. Гэхдээ энэ мэдээллүүдийн дунд цойлон гарч ирсэн ч тэгсгээд намжсан мэдээ бол боловсролын салбарт ажиллаж буй 2700 хүнийг ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлэх гэж буй тухай байв. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын 16-нд ерөнхий боловсролын дунд сургууль болон цэцэрлэгүүдийн ажлын байрны норм, нормативыг шинэчлэн тогтоох хүрээнд Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн баталсан 156 тоот тушаалаас үүдэлтэй юм. Энэхүү тушаал биеллээ олоход хүрвэл дээрх тооны албан хаагч гудамжинд лааз өшиглөж, гурван хүний ажлыг нэг хүн хийж гүйцэтгэхээр болж буй. Гэхдээ энэхүү цомхотголд нийгмийн эмзэг бүлэгт хамаарах сургууль, цэцэрлэг, дотуур байрны туслах, дуу хөгжмийн багш, тогооч, галч, манаач, сантехникч багтсан нь хүмүүсийн уур бухимдлыг төрүүлсэн гэхэд болно. Харин энэхүү асуудалд тухайн үед салбарын сайдаар нь ажиллаж байсан эрхэм “Зарим сургуульд багшийн орон тоо илүүдсэн гэсэн мэдээлэл ирсэн л дээ. Мөн зохицуулах шаардлагатай гэсэн албан бичиг ирэхэд нь хүлээж аваагүй. Хэвээр нь үлдээх саналтай байгаагаа илэрхийлсэн” хэмээн өөрөөсөө зайлуулж сууна. Гэвч тэрээр өмнө нь багш нарын илүүдэлтэй холбоотойгоор мэдээлэл өгөхдөө “Аймаг, нийслэлийн хувьд цалингийн сангийн дутагдал үүсдэг. Сургуулиуд орон тоогоо хэтрүүлдэг тохиолдлоос болдог юм. Жишээлбэл, Улаанбаатар хотод дөрвөн математикийн, найман дуу хөгжмийн багштай сургууль ч байна. Тэгэхээр аймгуудын болон нийслэлийн сургуулиуд дээр үүсээд байгаа энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Ямартай ч энэ удаад тэдгээр багш ажилласан нь үнэн болохоор цалинг нь олгох ёстой гэж үзээд төсвийн тодотголд нэг тэрбум төгрөг суулгасан” хэмээн тайлбарлаж байлаа. Гэтэл одоо би ямар ч буруугүй, Д.Хаянхярваа л 156 тоот тогтоолыг баталсан. Багш нарын илүүдсэн орон тоог цомхотгох санаа явсан ч эцэстээ жинхэнэ байх ёстой ажлын байрны орон тоог хоморголон цомхотгох нөхцөл байдал руу ийн түлхсэн гээд сууж буй нь хэр зохимжтой юм бол. Харин энэ талаар Сангийн сайд асан Д.Хаянхярваа “Ийм нөхцөл байдал үүснэ чинээ санаагүй. Гол нь, багш нарын илүүдлийг арилгах зорилгоор тушаал баталсан” гэдэг тайлбарыг өгсөн. Эцэстээ энэхүү асуудлыг БШУ-ы сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нар шийдэх ёстой боллоо. Гэсэн ч тэд өдийг хүртэл ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа ч 156 дугаар тушаалаас болж ядуурлын төвшин хэд дахин нэмэгдэх, нийгэмд ямар хор хөнөөл авчирч болохыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өмнөх сайд, дарга нарын гаргасан алдаа мадагтай тушаалыг шинээр томилогдож ирсэн нь засч залруулах нь тодорхой. Гэвч хэзээ вэ. Энэ асуултад хариулт авахаар БШУЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж буй Д.Эрдэнэчимэгээс тодруулахад “Өөрчлөх нь дамжиггүй. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Ямар ч гэсэн шийдвэрлэхээр судалж байна. Тодорхой болохоор нь мэдээлэл өгье” гэлээ. Тэгэхээр анхаарал хандуулахгүй биш хандуулж л байгаа юм байна. Тиймээс зарим сургууль, цэцэрлэг, дотуур байрны ажилчдад хандаж хэлэхэд тайвширцгаа.