2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн “Үдийн цай” хөтөлбөр 400 төгрөгт дээрэлхүүлсээр зургаан жилийг ардаа орхив. Тэр ч бүү хэл бараа, бүтээгдэхүүний үнийг энэ олон жил яаж 400 төгрөгт багтааж, барьж болдгийн цорын ганц жишээ нь энэ гэлтэй. Гэхдээ энэ хугацаанд хөтөлбөрийн зам дардан байсангүй. Сургуулийн захирал нь мөнгөнөөс нь хумсалсан, идэж уусан, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд нь шаардлага хангаагүй, грамм нь хэд дахин багассан гээд элдвийн хэл ам дагуулсан. Мөн энэ хугацаанд олон ч хүүхэд хордож амь насаа алдах шахаж байв. Үнэндээ 2006 оноос хойш, бензин шатахуун, бараа бүтээгдэхүүн, гурил будааны үнэ хэд дахин өссөн бэ гэдгийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ.
Тиймээс 400 төгрөгт багтаан өгч буй “Үдийн цай” хөтөлбөрийн тухайд хүүхэд бүрийн авах ёстой илчлэг, калори гэж ярих нь ч илүүц биз. Гэхдээ нүдэн балай, чих нь дүлий мэт сууж болохгүй нь гэдгийг Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн “Үдийн цай”-ндаа хордсон 200 гаруй хүүхэд дахин санууллаа. Тус сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 837 хүүхэд хүлээн авснаас 1-5 дугаар ангийн 14 бүлгийн 350 хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг байна. Өнгөрсөн жилээс “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Зориулалтын бус гуанзтай ч өөрсдийн нөхцөл бололцоондоо тааруулаад дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тус сургуулийн удирдлагууд “Сант нөмрөг” гэдэг компанитай арваннэгдүгээр сарын 1 хүртэл “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа аж. Мөн “Бамбууш” компанийн нарийн боов, жимсний шүүсийн хамт өгдөг гэнэ. Харин хүүхдүүд хордсон өдөр буюу энэ сарын 19-нд зөвхөн бэрээс, акбар цай л өгчээ. Ямартай ч одоогоор чухам юунаас болж хордсон нь тогтоогдоогүй байна. Ингээд хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг холбогдох хүмүүсээс нь тодрууллаа.
Ч.УРТНАСАН: Хэвтэн эмчлүүлсэн сурагчийн бие сайжирсан
ХӨСҮТ-ийн хэвлэлийн ажилтан Ч.Уртнасангаас хүүхдүүдийн биеийн байдлын талаар тодруулга авлаа.
-34 дүгээр сургуулийн сурагчийн биеийн байдал ямар байна вэ. Их хүнд байгаа гэх юм?
-Бие нь сайжирсан. Одоо ямар ч айх аюулгүй. Сайн байгаа.
-Танайд анх ямархуу байдалтай ирсэн бэ?
-Тийм ч айхтар хүнд байгаагүй л дээ. Хоолны хордлого гэсэн оноштой л ирсэн.
-Бусад хүүхэд ч гэсэн танай эмнэлэгт шинжилгээнд хамрагдсан гэсэн байх аа?
-Бусдынх нь хувьд биеийн байдал нь харьцангуй гайгүй байсан. Зарим нь бөөлжих, толгой нь эргэж байна гэж ирсэн ч хэвтэн эмчлүүлэх шаардлага байгаагүй. Харин хэвтэн эмчлүүлж буй нэг сурагчийн бие нь сайн байгаа болохоор өнөө, маргаашгүй эмнэлгээс гарчих болов уу.
Д.ХОРОЛГАРАВ: Бидний хичээл зүтгэл талаар өнгөрчихлөө
34 дүгээр сургуулийн захирал эзгүй байгаа учир Ахлах ангийнхан менежер гэж өөрийгөө танилцуулсан Д.Хоролгараваас дараахь тодруулгыг авлаа.
-Хүүхдүүд яг юунаас хордсон нь тогтоогдоогүй байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд хоол хийсэн тогоо, шанага, халбага, сэрээнээс авахуулаад гал тогооны бүхий л хэрэгслээс дээж авсан. Өнөөдөр /өчигдөр/ шинжилгээний хариу нь гарч тодорхой болно гэж байсан ч сураг чимээ алга. Ямар ч гэсэн маргааш /өнөөдөр/ гэхэд тодорхой болох байх.
-Энэ асуудлаас болж бусад хүүхэд “Үдийн цай” ууж чадахгүйд хүрсэн гэх юм?
-Тийм асуудал байхгүй. Хоолонд хордсон хүүхдүүдийн маань биеийн байдал сайжирсан. Одоо нэг л сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний бие сайн байгаа. Бусдаар бол манай сургуулийн үйл ажиллагаа хэвийн явж байна. “Үдийн цай”-гаа ч өгч байна.
-Эмнэлэгт хэвтэж буй хүүхдээс гадна хоёр сурагч гэрээр эмчлүүлж байгаа юм биш үү?
-Хоёр хүүхэд гэртээ эмчилгээ хийлгэж байгаа нь үнэн. Гэхдээ биеийн байдал нь сайн байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай сургуульд явдаг хүүхдүүдийн ар гэр амьдралын боломж тааруутай. Тэр болгон гэртээ ханаж, цадатлаа хоол идэж чаддаггүй. Тиймээс бид хүүхдүүдээ сургуульдаа ирэх дуртай болгох, хоёрдугаарт хоол ундтай байлгая гэж бодоод өнгөрсөн жилээс “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгосон. Үүнд хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүд ч баяртай байдаг.
-“Үдийн цай”-г 400 төгрөгт арай ядан багтааж байхад хоол болгон хэрэгжүүлж буй нь сайшаалтай л хэрэг. Гэхдээ?
-Үнэндээ боов, талхыг хаанаас ч аваад нийлүүлж болно л доо. Гэхдээ бид амар хялбарыг харах биш хүүхдүүдээ л сэтгэл ханамжтай байлгая гэж бодсон хэрэг. Гэхдээ бидний хичээл зүтгэл талаар өнгөрөв бололтой. Ямар ч гэсэн хэсэгтээ л хүүхдүүддээ хоол өгч чадахгүй нь. Тиймээс цайг нь л өгч байхаас даа.