Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан туршилтын журмаар 2022 оны арваннэгдүгээр сард ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж дууссан, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан“ гэж ХЗДХ-ийн сайд танилцууллаа.
Тус системийг нэвтрүүлснээр зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсэх ба зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид тус системд хандан хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар хийх, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.
Эдгээр үйл ажиллагааг цахимжуулснаар цаасны хэрэглээ эрс багасах, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.