Лондонгийн олимпын эрхийг хамгийн түрүүнд эх орондоо авчирсан гавьяат тамирчин О.Насанбурмаа “Намайг олимпод оролцуулахгүй болсонд сэтгэл гонсгор байна” хэмээн хэсэгтээ л ярьсан. Угтаа жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпын наадам өндөрлөөд оноо цуглуулах тэмцээн уралдаанд оролцож хэн нь илүү оноотой, чансаа өндөртэй нь олимпын наадмыг зорьдог. Гэтэл чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид олимпын эрхээ хүртсэн ч өөрт нь бус улсад ирж буйг ухамсарлах л хэрэгтэй. Харин тухайн жинд хэнийг илгээхээ сонгон шалгаруулалтаар л шийддэг. Ингэснээр энэ жил залуучуудын дэлхийн аварга С.Батцэцэг О.Насанбурмаагийн хооронд сонгон шалгаруулалт явуулсан. Манай улсад зохион байгуулагддаг “Mongolia open” тэмцээн болон бүх ард түмний спортын наадамд гаргасан амжилтаараа С.Батцэцэг олимпыг зорихоор болсон юм. Энэ нь ёс журмын хүрээнд явагдсан болохоор О.Насанбурмаагийн хувьд гомдоллоод байх шаардлагагүй.
Гэтэл асуудал үүгээр зогссонгүй. Монгол Улсын гавьяат тамирчин дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Энхжаргал гомдоллох болов. Учир нь, хэдхэн хоногийн дараа Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотод эхлэх насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 кг-д түүний оронд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Даваасүрэн гэдэг залуу бөхийг явуулахаар болсонд байв. Тэрээр энэ талаар “Чөлөөт бөхийн холбоо ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Миний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй амжилт гаргасаар ирсэн. Бүх амжилтаараа Б.Даваасүрэнгээс илүү” гэх. Угтаа Монголын чөлөөт бөхийн холбооноос тухайн тэмцээнд хоёр тамирчин бэлтгэж зөвлөлийн хурлаар хэнийг явуулахаа шийдсэн аж. Тодруулбал, гавьяат тамирчин Ц.Энхжаргалын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2005 онд оролцож хүрэл медаль хүртсэн.
Түүнээс хойш өдий хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч амжилт үзүүлээгүй байна. Мөн шинэ залуу тамирчдаа тив дэлхийн чанартай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулж туршлага суулгах журмаар залуу бөхөө илгээж байгааг онцолсон юм. Гэтэл гавьяат маань бараг л миний сүүлийн тэмцээн байсан гэв.
Аль аль талдаа шийдвэр гаргахад хэцүүхэн байж болох ч чөлөөт бөхийн холбооны гаргасан шийдвэр маш зөв. Тамирчин бүрийн гаргаж буй хүсэлтийг болгоогоод байвал хэн нь ч хөгжихгүй. Шинэ залуу тамирчдаа дэмжих цаг нь болсон… Та нарт ирээдүй харагдаж байна. Битгий тэрсэлд.