Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЦАХИМ БАЯНХОНГОР” ХӨТӨЛБӨР ОЮУНЫ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ


XX зууны сүүлч буюу 1990-ээд оноос хойш компьютер, цахим мэдээллийн технологи дэлхий нийт төдийгүй Монголд нэвтэрч эхэлсэн.  Тэр үед би дунд сургуулийн ахлах бүлэгт сурч байлаа. Манай  мэдээлэл зүйн багш компьютер гэж ийм зүйл байдаг хэмээн самбар дээр дэлгэц, гарыг нь нэг бүрчлэн дүрсэлж, хичээлээ заана. Үүнээс хойш их сургуульд орж компьютерийг бодитоор нь үзэн гайхаж биширсэн юм даг. Гэвч компьютер хүрэлцээгүйгээс ээлж дараагаар ганц хоёр товч дээр нь дарж үзэсээр байтал хичээл завсарлана. Харин өнөөдөр гар утас, компьютер, интернэт хүн болгоны өдөр тутмын хэрэглээ болсон билээ. Ийм ч учраас Монгол Улсын бүх аймаг, сум шилэн кабель, үүрэн телефонд холбогдсон. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэж буй гар утасны технологи ч сар жилээр өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.

Тухайлбал, сүүлийн үеийн гар утсаар наад зах нь зурагтын нэвтрүүлэг үзэх, интернэтээр аялах, банкны үйлчилгээ авах, зураг дарахаас өгсүүлээд технологийн дэвшлийг  ашиглах болсон. Гэхдээ хүн бүр гэвэл дэгсдүүлсэн болно. Эдүгээ компьютерийг зурж дүрслээд хичээл заахгүй ч сурагч бүрт хүрэлцэхгүй, хүчин чадал нь муу тул хичээл заахад хүндрэлтэй сургууль улсын хэмжээнд олон бий гэхэд хилсдэхгүй. Ялангуяа, хөдөө орон нутаг, нийслэлийн  алслагдмал дүүрэг,  гэр хороололд өнөөг хүртэл цахим ертөнц нэвтрээгүй, зарим дунд сургуулийн компьютерийн хүрэлцээ ч тааруу байгаа. Үүний жишээ нь, нэг компьютер дээр хоёр, гурван сурагч  хичээллэсээр буй.

Дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын санаачилгаар Баянхонгор аймгийн бизнес форум болсон.  Энэ форумд хот, хөдөөгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Баянхонгорыг  жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр батлагджээ. Уг хөтөлбөрийн нэг хэсэг нь “Цахим Баянхонгор” төсөл юм. Эл төслийн нээлт энэ сарын 20-нд аймгийн төвд орших Монгол Улсын гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит “Номгон” дунд сургууль дээр боллоо. Нээлтийн үеэр Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохицуулагч Б.Цэдэвсүрэн “Баянхонгорыг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон ажил санаачлан хийж байгаа. Тухайлбал, Баруун бүсийн худалдааны төв, барилгын материал, мах боловсруулах үйлдвэр, газар тариалан хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

Үүнээс гадна хөтөлбөрийн нэг чухал салбар боловсрол. Иймд “Цахим Баянхонгор” хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрт аймаг, сумын бүх сургууль хамрагдаж, компьютерийн иж бүрэн танхимтай болж дотоод сүлжээ болон интернэтэд холбогдоно. Баянхонгор аймгийн бүх сурагч, багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээв. Мөн “Номгон” дунд сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэн “Манай сургуульд онлайн хичээлийн танхим байгуулж өгч байгаад баяртай байна. Энэ цахим танхим багш, сурагч та биднийг цаашид сайн сурах, ажиллах боломж олгосон оюуны том хөрөнгө оруулалт” гэлээ. Тэгээд  “Цахим Баянхонгор”  хөтөлбөрт гар бие оролцон ажиллаж буй “Номгон” дунд сургуулийн төгсөгч Б.Цэдэвсүрэн, Ш.Гомбодорж нарт сургуулийн дээд шагнал “Гэгээн шавийн алдар” алтан медалийг гардуулав.
“Цахим Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд аймгийн 26 сургуульд  286 ширхэг иж бүрэн компьютер өглөө. Ингээд тус аймгийн сурагч бүр нэг, нэг компьютер дээр сууж хичээллэх болж байгаа юм.


А.ПҮРЭВСҮРЭН: ХҮҮХЭД БҮР ХИЧЭЭЛ ХИЙХЭД АМАР БОЛЛОО

“Цахим Баянхонгор” төслийн нээлтийн дараа “Номгон” дунд сургуулийн 9 “ж” ангид мэдээлэл зүйн хичээл орж байлаа. Ингээд  тус ангийн сурагч А.Пүрэвсүрэнтэй уулзлаа.

-Шинэ компьютер дээр сууж хичээл хийхэд гоё байна уу?
-Харин тийм. Хуучин компьютерээс хурдан сайхан байна.

-Өмнө нь ямар компьютер дээр хичээллэж байв?
-Хүрэлцдэггүй байсан юм. Нэгнээ хүлээгээд цаг алддаг байлаа. Одоо хүүхэд болгон компьютертэй болж, хичээл хийхэд амар байна.

-Онлайн танхимд өдөрт хэдэн цагийн хичээл ордог вэ?
-Нэг цагийн хичээл ордог. Өмнө нь долоо хоногийн нэг өдөр, нэг цагийн хичээл ордог байсан. Одоо долоо хоногт хоёр цаг орох байх.

-Чи интернэт орчинд болон хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллаж чадах уу?
-Тийм ч сайн биш. Сурч л байна.   

Т.ДАГВАДОРЖ: ЗУРГИЙН ПРОГРАММ ЗААХАД КОМПЬЮТЕРИЙН ХҮЧИН ЧАДАЛ ХҮРДЭГГҮЙ БАЙСАН

“Номгон” дунд сургуу­лийн Мэдээлэл зүйн багш, магистр Т.Дагвадоржтой сур­галтын өнөөгийн байд­лын тухай ярилцлаа.

-“Цахим Баянхонгор” төс­лөөр хичээлийн танхим байгуулж өгөөгүй байхад сурагч бүрт ногдох компьютерийн хүрэлцээ ямар байсан бэ?
-Өмнө нь, нэг компьютер дээр хоёр, гурван хүүхэд суун хичээллэдэг байсан. Одоо хүүхэд бүр компьютертэй боллоо. Ингэснээр сурагчдын сурах идэвх ч нэмэгдэнэ.  Тухайлбал, энэ жил 10, 11 дүгээр ангид мэдээлэл зүйн хичээл хоёр цагаар орно. Энэ үед ийм цахим танхимтай болсонд багш, сурагчид туйлын баяртай байна. Ахлах ангийн сурагчид бүх мэргэжлийн чиглэлээр мэдээлэл авах шаардлагатай байдаг. Үүнийгээ интернэтээс хайж олох боломжтой боллоо.

-Энэ танхимд хэддүгээр ангийн сурагчид хичээллэх вэ?
-Мэдээлэл зүйн хичээл тавдугаар ангид эхэлж ордог. Эхний ээлжинд онолын мэдлэг олгодог юм. Дараа нь, компьютероор хэрэглээний программ дээр ажиллахыг заана. Энэ танхимд 7-11 ангийн бүх сурагчдад хичээл орно. Өмнө нь техник хэрэгслийн хүрэлцээгүйгээс нэг анги хоёр хуваагдаж хичээллэдэг байсан. Одоо нэг ангийн сурагчид  бүгд хичээллэх боллоо. Манай сургуулийн хоёр мянга гаруй хүүхдийн найман зуу нь энэ ангид хичээллэнэ.

-Онлайнаар ямар хичээл заах боломжтой байдаг юм бол?
-Мэдээлэл зүйгээс гадна англи хэл, математик, монгол хэл, уран зохиол гээд бүх хичээл онлайнаар орох боломжтой. Гагцхүү тухайн багш ямар программ дээр хичээлээ хэрхэн заахаас шалтгаална л даа. Жишээлбэл, биеийн тамирын хичээл дээр дэлхий нийтэд болж буй уралдаан тэмцээний онцлог тухайн спортын техник, туршлагыг үзүүлж болно. Математикийн хичээлийн хувьд бодлого бодох маш олон хувилбартай программ бий.  Сурагчдад  тэр  программыг нь заагаад өгвөл бодсон бодлогоо шалгаад алдаа оноогоо дүгнэх бүрэн боломж байдаг. Монгол хэлний хичээлийн өгүүлбэр зүйн задлал ч бас хийж болно.

-Мэдээлэл зүйн хичээ­лээр сурагчдад ямар мэдлэг олгож байна вэ?
-Ерөнхийдөө интернэт орчинд ажиллах, хэрэглээний word, excel зэрэг программ заа­даг байсан. Одоо ком­пьютерийн хүчин чадал сай­жирсан тул зургийн программ,  программчлалын хэлнүүд заах бүрэн боломжтой. Тухайн хүү­хэд эзэмшихээр зорьж буй мэр­гэжлийнхээ чиглэлээр нэ­мэлт сургалтад хамрагдаж болно. Тухайлбал, барилгын инженер мэргэжил эзэмших бол барилгын зураг төсөл хий­дэг программ судлах бо­лолцоотой. Өмнө нь ийм прог­рамм заах гэхээр техник, хэрэгслийн үзүүлэлт хүрдэггүй байлаа.

-Сурагчид ямар чиглэ­лээр суралцах сонирхолтой байдаг бол?
-Одоохондоо хүүхдүүд ямар программ судлах сонир­холтой байгаа талаар судалгаа хийж амжаагүй байна. Өм­нө нь нэг удаа судалгаа хийж үзсэн. Тэгэхэд зургийн прог­рамм дээр ажиллаж сурах сонирхол их байсан. Эхний ээл­жинд үүнийг заахаар төлөвлөж байгаа.

-Хичээлийн бус цагаар энэ танхимд сууж сонирхсон зүйлээ заалгаад бас хичээллэж болох уу?
-Болно. Тэр бол нээлттэй.

0 Сэтгэгдэл
идэх юм талбар
Хамгийн их уншсан