УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцсэн.
Монгол Улсын шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Би энэ саналыг хоёр үндэслэлийн хүрээнд дэмжихгүй байна. Засгийн газраас Шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг байгуулах талаар оруулж ирээгүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалттай. Тийм учраас Үндсэн хууль зөрчигдөх нь.
Төсвийн хуулийг дагалдуулж хоёр агентлаг шинээр байгуулахаар Засгийн газраас өргөн барьсан. Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтын агентлаг нөгөөх нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяа Цахим зохицуулалтын газар гэж байгаа. Засгийн газраас өргөн бариагүй байхад УИХ агентлаг байгуулдаг болох гэж байна. Төрийн хэмнэлтийн бодлого гээд агентлагийн дарга нарыг цөөлж байна гэсэн зүйл хэдхэн сарын өмнө яриад байсан. Хэдхэн сар болоод дахиад шинээр гурван агентлаг байгуулах гэж байна. Агентлаг болгон даргатай болж, машин унана.
Энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр яригдаагүй. Гэтэл Төсвийн байнгын хороо агентлаг байгуулаад ороод ирлээ. Юм хулгайлдаг гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү” гэжээ.