Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Хэллоуин баярын шөнө эмгэнэлт хэрэг болж, олон хүн давчуу гудамжинд шахцалдан дарагдсаны улмаас 156 хүн амиа алдсан юм. Энэ ослоос урьдчилан сэргийлж чадаагүй, дуудлага хүлээн авсан ч шуурхай арга хэмжээ аваагүйнхээ төлөө Сөүлийн цагдаагийн газар уучлалт гуйжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, 156 хүн амиа алдаж, 152 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарахаас хэдэн цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 18:34 цагт шуурхай тусламжийн дугаарт эхний дуудлага ирсэн гэж Сөүл хотын Цагдаагийн газар баталсан байна.
Өмнөд Солонгосын шуурхай тусламжийн албаны 112 дугаарт хандсан хүн Итэвоны гол гудамжинд байгаа, хүмүүс улам нэмэгдсээр аюултай болж байна хэмээн хэлжээ.
"Энэ гудамж үнэхээр аюултай болж байна. Хүмүүс дээш доош явж, эндээс гарч чадахгүй байгаа ч хүмүүс нэмж ирсээр байна. Тэд дарагдах нь. Би арай гэж гарч ирлээ, тэнд хэт их хүнтэй болж. Та бүхэн үүнийг хяналтдаа авах ёстой гэж би бодож байна" хэмээн утасдсан хүн хэлжээ.
Үүний хариуд цагдаа "хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдсан, дарагдах нөхцөл үүсэж, ноцтой үр дагаварт хүрнэ гэж бодож байна уу" хэмээн асуусан байна.
"Тийм ээ, энд үнэхээр байдал түгшүүртэй байна" хэмээн шуурхай албанд хандсан хүн хариулсан байна.
Үүнээс хойш гурван цаг гаруйн хугацаанд шуурхай албаны утсанд Итэвоны нөхцөл байдлын талаар 10 удаа дуудлага иржээ.
Цагдаагийнхны зохисгүй үйлдэл
Итэвонд олон хүн дарагдсан нөхцөл байдалд цагдаагийнхан зохисгүй, урам хугарахаар хариу үзүүлсэн гэж Өмнөд Солонгосын Цагдаагийн газрын дарга мэдэгджээ. Энэ нь Өмнөд Солонгосын эрх баригчид эмгэнэлт хэргээс урьдчилан сэргийлж чадаагүй гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.
Үндэсний цагдаагийн агентлагийн комиссар Юн Хи Кын мэдэгдэл хийхдээ "болсон үйл явдалтай холбоотойгоор нийгмийн аюулгүй байдлын төлөө асар их хариуцлага хүлээнэ" гээд хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгалт явуулна хэмээн амлажээ. Осол болохоос өмнө нөхцөл байдал ноцтой болж байгаа талаар анхааруулсан дуудлагыг цагдаагийнхан удаа дараа авсан ч сэрэмжлэх арга хэмжээг хангалттай авч чадаагүй хэмээн Юн Хи Кын хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн Дотоод хэргийн сайд Ли Сан Мин Үндэсний хурлын чуулган дээр болсон хэргийн төлөө иргэдээсээ хүлцэл өчжээ. "Хүү болон охинтой эцэг хүний хувьд энэ хэрэг үнэхээр эмгэнэлтэй. Үгээр илэрхийлэхэд хэцүү байна, нөхцөл байдал үнэхээр хүнд, үүнийг хүлээн авахад бэрх" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, Хэллоуиний баярын өдөр Сөүлийн Итэвон дүүрэгт залуус олноор цугларан, баяр тэмдэглэх үеэр хүмүүс шахцалдан, унаж, нэгнийхээ хөлд дарагдан 156 хүн амиа алдсан юм. Тухайн үед давчуу гудамжинд 100 мянга орчим хүн цугларсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.
ӨМНӨД СОЛОНГОСТ БАЯРААР АМИА АЛДСАН 154 ХҮНИЙ 25 НЬ ГАДААДЫН ИРГЭН БАЙЖЭЭ
Өнгөрсөн бямба гарагийн шөнө Өмнөд Солонгосын нийслэл Итэвон дүүрэгт Halloween баяр тэмдэглэхээр олон хүн цугларсны улмаас шахцалдан, хүмүүс дарагдаж олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ням гарагт аврах ажиллагаа үргэлжилж, амиа алдсан хүний тоо ч нэмэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн