Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрээр "Ерөнхий сайдын захирамжаар Авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон байж болзошгүй эрүүгийн болон иргэний хэргийн талаар мэдээлнэ. Энэ хоёр асуудал олон агуулгаараа давхацдаг гэж хэлж болно. Бид авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй.
Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиараа 16 төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг ч хэрэг мөрдөн шалгадаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүссэн. Гадаадын иргэнийг залилсантай холбоотой АТГ-аас тав, ЦЕГ-аас 50 гаруй хэргийн танилцуулга ирсэн. Ажиллагаанд байгаа зарим хэрэг мөрдөн байцаалтын нууцтай холбоотойгоор хүний нэр, албан байгууллагын нэрийг хэлэхгүй байхаар прокурорын байгууллагатай тохиролцон энэхүү мэдээллийг хүргэж байна.
АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд гурав, хэрэгсэхгүй болгосон нэг, хэргийг нь хаасан нэг, шүүхийн шатанд нэг, шүүхээр шийдвэрлэгдсэн нэг хэрэг байна. Харин ЦЕГ-аас өгсөн мэдээллээр 50 хэрэг байгаа. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, шүүхийн шатанд хоёр, шүүхээр шийдвэрлэгдсэн гурав, хаасан 19, хэрэгсэхгүй болсон 14 хэрэг байна.
Хэргүүдийн зүйлчлэлийг авч үзвэл залилах 37, завших 6, мөнгө угаах суурьтай 11, дээрэмдэх 1, хахууль өгөх, авах 3, албан байдлын байдлаа урвуулан ашиглах 3, мансууруулах эм, бодисыг ашиглах хэрэг 5 хувьтай байсан. Түүнчлэн гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэргийн 20-ыг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийг танилцуулахад, Япон улсын иргэн Такахама Киничи нь их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг байгаа. Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахамаг Монгол Улсад ББСБ байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, Ориентал капитал, Ориентал инвест гэдэг компанийг байгуулсан. Ингээд зохиомол байдлыг бий болгон хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гарган япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан байгаа юм. 2018 онд хэрэг нээсэн бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчлэгдэн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Болдод 6 жилийн хорих ял оногдуулсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүхийн шатанд байгаа хэргийн тухайд, Нийслэлийн Газар зохион байгуулах албаны удирдах албан тушаалтнууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан "М"-ийн хамаарал бүхий этгээд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад давуу байдал олгон "С" компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, Ливан улсын иргэн "Ми"-гийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Үүний улмаас "С" гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компанид их хэмжээний хохирол учирсан байгаа юм. "М" өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Ливан улсын иргэнийг хохироогоод, өөрийнх нь оруулсан барилга байшин газар гээд бүхэлд нь хувьдаа ашигласан хэрэг шүүх дээр явж байгаа. Энэ хэрэг олон нийтийн сүлжээгээр нэлээд явсан. Тиймээс олон нийт тус хэргийг анхааралтай ажиглаж байна. Ливан улсын иргэн өөрөө мэдүүлгээ өгье гээд иргэний нэхэмжлэгчээр тооцогдон шүүхээр шийдэгдэх гээд явж байгаа.
Түүнчлэн Монгол Улсын иргэн н.Гочоосүрэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн, "Сүрүга Монгол" корпорацын гүйцэтгэх захирал асан Хара Цүнэякигийн орны матрасны дор мансууруулах бодис байрлуулсан. Улмаар н.Гочоосүрэн, н.Тэргэл нар бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. Энэ энэ хэрэг 2012 онд үйлдэгдсэн. Шүүхээр тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Япон улсын иргэнийг гүтгэсний дараа энэ хүмүүс хувиараа бизнес эрхэлдэг болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж хэлж болно. "Сүрүга Монгол"-ын гүйцэтгэх захирал нь 70 гаруй настай хүн байсан. Түүнийг нас барсан гэх мэдээллийг авсан. Одоо хүүхдийг нь хохирогчоор татахаар ажиллаж байна.
"Болд төмөр Ерөө гол" компанийн хувьцаа эзэмшдэг байсан хятад иргэний хөрөнгийг нярав н.Оюунсүрэн гэж эмэгтэй 317 сая долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан. Анхан шатны шүүхээс Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, зорчих эрхийг нь 7 сараар хязгаарлаж шийдвэрлэсэн. 2022 онд энэ хэрэг шийдэгдэж дууссан. Нярав өөрийн гарын үсэг зурах эрхээрээ 612 сая төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон" гэв.