Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Г.Занданшатар: Бид дотоод, гадаад амаргүй бэрхшээлтэй цаг үед ажиллаж, амьдарч байна

Г.Занданшатар: Бид дотоод, гадаад амаргүй бэрхшээлтэй цаг үед ажиллаж, амьдарч байна

 “ТӨСӨВ -2023” олон нийтийн хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ы дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрээр "Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн төслөө ард олонтойгоо, эрдэмтэн мэргэдтэйгээ, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтран ярилцаж, санал бодлыг нь сонсож, шүүн тунгаах энэхүү хэлэлцүүлгийг нээж буйдаа баяртай байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмний засаглах эрх”-ийг хангаж буй нэгэн шинэ алхам юм. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэл хийх зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд хуулийн төсөл, түүний дотор төсвийн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн саналыг нь авах зохицуулалтыг тусгасан юм. Үүний дагуу олон нийтийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаас санаачлан зохион байгуулж байна.

Иргэдийнхээ саналыг бид D-parliament цахим систем, мэйл, утас гэсэн 3 хэлбэрээр 10 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд авсан. Энэ хугацаанд зөвхөн D-parliament цахим системд гэхэд 68.641 хүн зочилж, 14.563 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан нь энэхүү цахим систем нээгдсэнээс хойших хагас жилийн хугацааны рекорд үзүүлэлт болж, одоогоор үнэмлэхүй дээд амжилт тогтоогоод байна. Нийтдээ иргэдээс 798 санал иржээ. Зөвхөн D-parliament цахим системээр дамжуулан төсвийн хуулийн төсөлтэй холбогдуулан 302 санал ирсэн байна. Эдгээрийг бид нэгбүрчлэн авч үзэж, хариу өгч, холбогдох ажлын хэсэг, Байнгын хороонд уламжилж ажиллалаа. Ирсэн саналууд ихэвчлэн зардлыг танах, халамжийг оновчтой болгож, зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах зэрэг байсныг тэмдэглэхийг хүсэж байна.

Төсвийн төсөл бол бидний ирэх оны амьдралын чанар, улс орны эдийн засгийн төлөвийг тодорхойлох нэн чухал баримт бичиг билээ. Тиймээс үр ашигтай, хэмнэлттэй, хүртээмжтэй, сахилга баттай, алдагдалгүй төсөв батлуулахын төлөө сэтгэл зүтгэл гарган, саналаа ирүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

Мөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг манлайлсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ганзоригийн Тэмүүлэн, олон нийтийн оролцоотой ил тод-хяналттай төсөв батлахын төлөө чармайлт гаргаж буй Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Пүрэв-Очирын Анужин, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Жамъянгийн Мөнхбат, Эдийн засгийн байнгын хорооны дарга Цэдэндамбын Цэрэнпунцаг нарт, энэхүү ажлыг дэмжиж оролцож буй Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Боомтын захиргаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нээлттэй нийгэм форум, Ажил олгогч эздийн холбоо зэрэг байгууллагад мөн талархал илэрхийлье.

Бид дотоод, гадаад амаргүй бэрхшээлтэй цаг үед ажиллаж, амьдарч байна. Өмнөх 2022 онд цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилготой төсөв баталж байв. “Төсөв-2023” бол цар тахлын эрсдэлийн дараа геополитикийн хурцадмал нөхцөл байдал залгаж, урьдчилан тооцоолоогүй давхар цохилтууд нийт улс орон, ард иргэдийн нуруун дээр буусаар байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэж, тээвэр, логистикийн зардал өссөөр байна. Энэ бол дэлхий нийтэд тулгарч байгаа том бэрхшээл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд импортоос хэт хамааралтай болсон манай улсын эдийн засагт хүнд тусаж байгаа нь бодит үнэн юм. Тиймээс ирэх оны төсөв эдийн засгаа тогтворжуулах, цаашдын өсөлтийн суурийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл 2023 оны төсөв:

Нэгдүгээрт, Эрсдэлт хүчин зүйлүүдээс үүдсэн хүндрэл бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулж, эдийн засгаа илаарьшуулах өнөөгийн цаг үеийн зорилго болж байна.

Хоёрдугаарт, Төсвийн шинэчлэлийг бодитой хийж, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, ард иргэдийн хяналтыг тогтоох, үрэлгэн, алдагдалтай биш хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжлийг тэтгэсэн төсөв болгох ирээдүйн зорилтод чиглэж байна.

Иймд цахимаар болон танхимаар оролцож буй хүндэт зочид та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, үнэ цэнтэй санал, зөвлөмж өгч, зөв шийдэл, гарц гаргалгаа гаргана гэдэгт итгэж байна. Төсөв батлагдсаны дараа шүүмжлэх бус төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, үр ашигтай төсөв батлах гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь зүйтэй.

Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1.9 хувийн өсөлттэй гарсан. Гэвч улсын хэмжээнд инфляц сүүлийн 11 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнес эрхлэгчдийн бодит орлого, цалин буурлаа. Гадаад валютын албан нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан. Гадаад өрийн томоохон дарамт биднийг хүлээж байна.

Тиймээс Улсын Их Хурлын намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ миний бие эдийн засгийг цаг алдалгүй тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал байгааг онцолсон.

Эдгээр таван цогц арга хэмжээ нь нэгдүгээрт, төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хоёрдугаарт, орлогын шинэчлэлийг хийж, “Орлоготой иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, зарлагын шинэчлэл хийж, хэмнэлтийн горимыг мөрдөх, дөрөвдүгээрт, үйлдвэржилтийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, тавдугаарт, төрийн байгууллагын бүх шатанд төсвийн хяналт, сахилга бат, хариуцлагын шинэчлэлийг хэрэгжүүлж, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Алдагдалгүй, хяналттай, хатуу сахилга баттай ТӨСӨВ – өгөөж, үр ашгийг эрхэмлэсэн ЗАРДАЛ - хөдөлмөр эрхлэлт, экспортыг дэмжсэн ҮЙЛДВЭРЛЭЛ - эцэст нь ОРЛОГОТОЙ ИРГЭН, хөгжсөн эдийн засаг - СЭРГЭН МАНДСАН МОНГОЛ УЛС болохын төлөө эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой.

Улсын Их Хурлаас Төсвийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн. Мөн хуульд 2022 онд оруулсан өөрчлөлт боловсролын салбарыг санхүүжилтийн шинэ горимд шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Эдгээр өөрчлөлтөөр энэ 2 салбарын төсвийг орцоор буюу зардлын зүйлээр төлөвлөж хянах биш, гарцад суурилах зарчмыг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл зарцуулалтын илүү уян хатан механизм, хагас бие даасан статусыг олгож, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьсон нь үр дүнгээ өгч эхлээд байна.

Тиймээс төрөөс 100 хувь санхүүжиж байгаа зарим салбар, төсөвт байгууллагууд үүний нэгэн адил үйл ажиллагаагаа либералчилж, орлогоо нэмэгдүүлэх замаар ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах боломж бий.

Соёл урлаг, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, мэргэжлийн боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, иргэний бүртгэл гэх мэт иргэнд шууд чиглэсэн, гадагшаа үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний болон захиргааны зарим байгууллагын үйл ажиллагааг гарцад буюу гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчимд шилжүүлж болно.

2011 онд баталсан Төсвийн тухай хуулиар төсвийн байгууллагууд хэмнэсэн зардал, үйл ажиллагааны үндсэн орлогоо ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулах, зайлшгүй шаардлагатай бусад арга хэмжээнд зарцуулах боломжтой болсон нь сайн хэрэг. Гэвч үүний нөгөө талд хэмнэсэн зардал, эсхүл олсон орлогын хэмжээгээр нь дараагийн төсвийн жилийн зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр тооцож, улсын төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг мөн дүнгээр бууруулдаг нь төсөвт байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх эдийн засгийн сэдлийг олгохгүй байна.

Жишээлбэл, төрийн нэг байгууллага 100 саяын хэмнэлт гаргаж, эсвэл ийм хэмжээний орлого олсон бол дараа жилийн санхүүжилтээс нь 100 саяыг хасаж, энэ цоорхойгоо өнөө олох орлогоороо нөхөөрэй гэдэг зарчим үйлчилж байгааг зах зээлийн зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна.

Төрийн зарим  чиг үүргийг либералчилж, санхүүжилтийн шинэ горимд шилжүүлснээр төсвийн байгууллагууд үйлчилгээгээ улам сайжруулж өргөжүүлэхийн төлөө чармайна. Хүний нөөц, бүтэц зохион байгуулалтаа оновчтой болгох, хоол, угаалга, ариутгал цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хамгаалалт зэргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, үйл ажиллагаагаа аль болох үр ашигтай, хэмнэлттэй, үр дүнтэй зохион байгуулах боломж гарна.

Өөрөөр хэлбэл, орлого нэмэгдэх, зардлын хувьд үр ашигтай байх зарчмаар ажиллаж эхэлбэл тухайн байгууллагын төсөвт нь хэмнэлт гарна. Орлого нь нэмэгдээд, үр ашиггүй зардал нь буурсан тохиолдолд ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн баталгааг зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүртэл нэмэх боломж бүрдэнэ. 

Энэ ташрамд, Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн бирж, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг төсвийн бодлоготой уялдуулан баталж, бодит эдийн засгийн салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх цаг болсон. Дэлхийн эдийн засгийн орчинд бий болсон шинэ экосистемд давуу нөхцөлүүдээ ашиглан байршиж, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн орчноо богино хугацаанд сайжруулах боломж байгааг манай шинжээчдийн саналаас харж болно.

2005-2022 онд бид жилд дунджаар 4 хувийн төсвийн алдагдалтай явж ирсэн. Энэ нь төсвийн зардал данхайж, халамж хавтгайрах, төсвийн үр ашиггүй зардал өсөх, Засгийн газрын өр нэмэгдэх үндэс болсон. Улмаар алдагдлыг өр зээлээр нөхөх замаар шийдвэрлэж, тухайн жилд авсан зээлийн заримыг өмнөх зээлээ төлөхөд, үлдсэн хэсгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсаар ирлээ. Зээлийн үр ашиг, зээлийн удирдлага, өрийн удирдлагын асуудал төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг байж, алдагдалгүй төсөв баталдаг зарчим баримтлан Засгийн газрын өрийг багасгах нь зүйтэй.

Цаашид төсвийн орлогыг бүх түвшинд нэмэгдүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах, үүний тулд хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, халамжаас бодит хөдөлмөр эрхлэлт рүү, олборлолтоос боловсруулалт руу, импортлогчоос экспортлогч руу чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг “Шинэ сэргэлтийн бодлого”, төсвийн шинэчлэлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих нь зүйтэй.

Монгол Улсын 2023 оны төсвийн бодлого нь Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын хэт хэрэглээг сааруулах, нөөцийг оновчтой хуваарилах замаар эдийн засгийг тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэсэн.

Иргэдийн ирүүлсэн санал, мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөмжөөс үзвэл төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, татварын орчныг сайжруулах, гадаад зээл тусламжийг эдийн засагт бодит үр өгөөжтэй төслүүдэд зарцуулах, алдагдалгүй төсөв баталдаг болох, оновчтой татварын тогтолцоог нэвтрүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бизнесийг дэмжих, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, түүнийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах нь зүйтэй гэж үзэж байгааг бид онцгой анхаарах ёстойг тэмдэглэж хэлье.

Иргэд, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонсон, нийгмийн зөвшилцөлд хүрч, төсвийн хяналт, итгэлцлийг бэхжүүлэн, хамтдаа урагшлах нь бидний нэн тэргүүний зорилт юм. Тиймээс цаашид төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг жил бүр тогтмол явуулж байхаар бид төлөвлөж байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан