УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын санхүүжилтын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Эрүүл мэндийн салбарын төсөв 2022 оныхоороо орж ирж байгаа. Инфляци, ам.долларын ханш их байна. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүний үнэ ханш 40-60 хувийн нэмэгдэлтэй байна. Төсвийг нэмэхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоож байна. Жишээлбэл, сардаа 150 хүнээс илүүг эмчилж өгөхгүй гэх мэтээр иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй болно. Иргэд хөнгөлөлттэй эмийг тусгай зөвшөөрөл өгөхгүйгээр зөв шийдсэн байхад зохион байгуулалтын хувьд эргээд түвэгтэй болгосон байна.
Мөн төсөв дээр амжилттай хэрэгжүүлж байсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хаясан байна. Элэгний D вирустэй 150 мянган иргэд хэзээ эм орж ирэх вэ гэдгийг хүлээж сууна. Тэр дундаа 40 гаруй мянган иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй мянган тэрбум төгрөгийг тусгаж, илрүүлж, эмчилгээ хийсэн. Тиймээс эрүүл мэндийн санхүүжилт дээр онцгой анхаараач.
Гишүүдийн асуул хариултаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Сангийн сайд хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд хэрэгжүүлнэ. Нөгөө нь зураг төсвийг ямар хэлбэрт шилжүүлж байна вэ. Мөн хүүхдийн мөнгөнөөс хасч буй хүн амын есөн хувийг хэрхэн тогтоож байгаа юм бэ. Эсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзах уриалга хэлбэрээр явах юм уу. Эрчим хүчний сайдаас үнэ тарифтай холбоотой асуулт асууя. МХЕГ-ийн тогтолцоог хэрхэн өөрчлөх гэж байгаа юм бэ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Шаталсан татвар шинэ татвар биш. Өнгөрсөн 2004 онд энэ тогтолцоо байсан. Тэгээд 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч буцаасан. Одоо бол хамрах хүрээ нь багасч, сарын 10, 15 сая төгрөгөөс дээш гэсэн шаталсан татвартай болж байгаа. Манайд нийтдээ 817 мянган хувь хүний орлогын албан татвар мэдүүлдэг. Эндээс 0.3 хувь буюу 1365 иргэн энэ шатлалд хамаарна. Эндээс орж ирэх орлого бол 10 тэрбум төгрөг.
Зураг төсвийн хувьд Эдийн засаг, хөгжлийн яаман дээрээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа түрүү жилийнхээ төлөвлөгөөг гаргаж, хөрөнгө оруулалтынхаа том зургийг гаргана. Энэ хүрээнд жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Бэлтгэл ажлыг хангах байдлаар зураг төсвийг хийнэ. Тэрнээс биш цаашид төсөвт суухгүй ажлын бэлтгэл ажлыг хангах шаардлагагүй. Яамдууд захиалгаа өгч, худалдан авах ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулна. Ийм зарчмаар ажиллана.
Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын хүрээнд орж буй. Тийм учраас цаашдаа зорилтот бүлэг рүү чиглүүлнэ. Цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих зорилгоо биелүүлж, өндөр орлоготой хэсэг нь эндээс татгалзая гэж байгаа. Хотын өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг. Орон нутагт 1.5 сая төгрөг. Үүний дундаж 1.7 сая төгрөг. Үүнийгээ өндөр орлоготой хэсэг рүү дөхүүлж хоёр дахин өсгөвөл 3.5-3.7 сая төгрөгийн хооронд байгаа. Ингээд тооцохоор 90-91 хувь байгаа. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1- хүртэл өрхийн орлого тооцдог энэ систем төрийн сангийн мэдээлэлд дахин маш сайн тооллого хийх шаардлага гарч буй. Удахгүй ажлын хэсэг байгуулна.
Эрчим хүчний сайд Т.Чойжилсүрэн:
-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын асуултад хариулъя. Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Жишээлбэл, нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөг, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарынголын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орлоо. Эрчим хүч үйлдвэрлэх компаниуд мөн ялгаагүй ийм байдалд орсон. Сэлбэг хэрэгслийн материалын үнэ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний үнэ