Тархины саа саажилттай таван хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах мэс заслыг Монгол Туркийн эмч нар хамтарч Улсын гуравдугаар төв эмнэлэгт амжилттай хийлээ. “Энэ мэс заслыг есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн бие сайжирч байна. Шархны байдлыг харгалзан ирэх долоо хоногоос ЭХЭМҮТ рүү шилжүүлнэ хэмээн УГТЭ-ийн ерөнхий захирал С.Төмөр-Очир ярив.
-Мэдрэлийн ёзоор тайрах мэс засалд орсноор хүүхэд бүрэн эдгэрэх үү?
-Тархины саажилттай хүүхдүүд мэдрэлийн ёзоор тайрах хагалгаа хагалгааны дараа шууд эдгэрнэ гэж ойлгож болохгүй. Энэ мэс заслыг хийхпээ хүүхдийн мэдрэлийн ёзоорыг 20-80 хувь, дунджаар 50 хувь тайрдаг. Хагагааны үр дүнд эрт үедээ таталт чангаралт өгч байсан булчингууд харьцангуй суларч байна. Хагалгааны дараа урт хугацааны сэргээн заслын эмчилггээ шаардлагатай. Тиймээс хүүхдийн гэр бүл, эцэг эхийн анхаарал халамж, эмч нарын хамтын ажиллагаа маш чухал гэж Турк улсын профессор хэлж байна гэлээ.
Монголд саажилт, уналт таталттай 1700 орчим хүүхэд бүртгэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэр дундаа саажилттай хүүхдүүдийн эмчилгээг Монголд нэвтрүүлэх үүргийг Ерөнхий сайд өнгөрсөн зургаадугаар сард Эрүүл мэндийн сайдад өгчээ. Энэ дагуу мэдрэлийн ёзоор тайрах энэ мэс заслыг Монголд нэвтрүүлэх ажлын бэлтгэл хангаж, Мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол улсад нэвтрүүлэх үндэсний баг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагджээ.
Энэ багийнхан Турк улсын Лив эмнэлгийн эмч мэргэжилтний багтай хамтран 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 5 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах эхний хагалгааг хоёр өдрийн турш амжилттай хийлээ.
Я.БОЛОРМАА: 2023 ОНД МЭДРЭЛИЙН ЁЗООР ТАЙРАХ МЭС ЗАСЛЫГ МАНАЙ ЭМЧ НАР БИЕ ДААН ХИЙХ ЗОРИЛГО ТАВЬСАН
Мэдрэлийн ёзоор тайрах мэс заслын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Болормаа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, Тархины саа, саажилттай хүүхдүүд гадаад руу явж эмчилгээ хийлгэдэг байв. Гаднын орнуудад мэдрэлийн ёзоор тайрах мэс заслын өртөг хамгийн багадаа 18 мянган доллар. Түүнээс дээш 43 мянган долларын өртөгтэй, АНУ-д 43 мянган доллар байна.
Энэ нь зөвхөн мэс заслын зардал, дээр нь явахын хүмүүсийн онгоцны билет, байр, хоолны зардлыг нэмбэл өндөр өртөг гарна. Тиймээс энэ эмчилгээг Монголдоо нэвтрүүлбэл хүүхдүүд маань эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Турк улсаас ирсэн эмч нарын баг нэгдүгээрт нэн шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээг шийдвэрлэх, хоёрдугаарт Мэдрэлийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах үндэсний багийг сургах чиглэлээр ажилласан. Эмч нар маань ажлын байрандаа суралцаж, дараагийн хагалгаануудыг бие даан хийх боломжоор хангана.
Бид дараагийн ээлжинд энэ чиглэлээр ажиллах хоёр өөр улсын багийг Монголд урьж, ажиллуулна. Өвчтэй хүүхдүүдээ эмчлүүлнэ. 2023 оны зорилго бол Монгол эмч нар бие даан хагалгааг хийхээр төлөвлөж байна. ЭМЯ-наас Энэ төрлийн хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг болох чиглэлээр ажиллаж байна гэлээ.