Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дайнаа зогсоох уриалга хүргүүлсэн. Тус уриалгыг дэлхийн хэвлэлүүд онцолжээ.
Тухайлбал, АНУ-ын томоохон мэдээллийн агентлаг “CNN” түүний зурвасыг “Монгол Улсын ерөнхийлөгч асан Путинд дайнаа зогсоохыг шаардав” гэсэн гарчигтайгаар мэдээлэв.
Украины “Ukrinform”, “Odessa journal”, Польшийн “Tvp world” цахим хуудсууд энэ тухай мөн мэдээллээ. “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украины эсрэг дайнаа нэн даруй зогсоохыг уриаллаа. Путины зарласан цэргийн дайчилгаанаас зугтсан оросуудыг Монгол Улс хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдэв” гэж “Ukrinform” хуудас бичжээ. Түүнчлэн Украины эсрэг дайн эхэлснээс хойш Орос дахь үндэстний цөөнх, ялангуяа Буриад, Тува, Халимаг хүмүүс хамгийн их хохирч байна гэж Ц.Элбэгдорж хэлснийг эш татан мэдээлжээ.
Дайнд тулалдахаар шахалтад орж буй хүмүүст зориулж мөн үг хэлжээ. “Украинчуудыг бүү бууд. Ах дүү нараа, хүүхэд хөгшчүүлээ бүү бууд. Эрх чөлөөг нь бүү үгүй хий. Украин оршин тогтнох бүрэн эрхтэй” гэж хэллээ.
Түүнчлэн Украины эрэлхэг ард түмэн болон ерөнхийлөгч Зеленскийд хандан үг хэлэв. “Таны эр зориг, манлайлалд баярлалаа. Дэлхийн шилдгүүд та нартай хамт байна. Та бол урам зориг. Та ялбал бүх ард түмэн ялна. Дарангуйлал үүрд үргэлжлэхгүй. Эрх чөлөөний төлөөх ард түмний нэгдмэл хүсэл үргэлж ялна. Слава хероям” гэжээ.