Нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг гардууллаа. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2010 оноос ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах төслийг МУБИС-ийн "Моноцүкүри" төв хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд ЕБС-ийн сурагчид гарын доорх материал ашиглан физикийн хичээл дээр туршилт, сургалт, семинар явуулах боломжтой болох юм.
МУБИС-ийн захирал, доктор, дэд профессор О.Алтангоо
Энэхүү төслийг арван жилийн турш хэрэгжүүллээ. Өнгөрсөн хугацаанд дунд сургуулиудад таван удаа физикийн сургалтын иж бүрэн багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн багаж хэрэглэгдэхүүнийг бүр илүү өндөр технологи ашиглан, мэргэжлийн түвшинд хийсэн. Салбарын сайд манай төслийн үр дүнтэй хэд хэдэн удаа танилцсан. Улмаар БШУЯ-наас төсөлд хамрагдаагүй бусад сургуулиудад манай үйлдвэрлэсэн хэрэглэгдэхүүнийг худалдаж авч түгээх асуудлыг шийдэж өгөхөөр болсон.
Төслийн удирдагч МУБИС-ийн Суурь судалгааны төвийн эрхлэгч, академич Б.Жадамба
2010 оноос эхэлсэн энэхүү төсөл нь хүүхдүүдийг өндөр технологи ашиглан физикийн ухааны хичээлээ илүү үр дүнтэй суралцахад нь туслах зорилготой. Төслийн хүрээнд байгалийн ухааны хичээлийн туршилт, сургалтад ашиглах багаж хэрэгслийг эх орондоо хямд өртгөөр зохион бүтээх ажлыг хэрэгжүүлсэн юм. Энэ дагуу бид Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сургалтад ашиглах 5000 мянга гаруй багаж, хэрэгслийг Монголдоо зохион бүтээгээд байна. Бидний хийсэн багажаар сурагч бүр өөрөө туршилт хийж үзэх боломжтой сет багажуудыг багтаасан байгаа. Улмаар хүүхдүүд Монгол орондоо бүтээсэн багаж хэрэгслээр бүтээлч байдлаа хөгжүүлж байгалийн ухааны хичээлд сонирхолтой болсноороо Монгол Улс ирээдүйд үйлдвэрлэгч орон болох үндэс суурь нь болох юм.
"Монгол Улс хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болоход инженерүүд шаардлагатай"
БШУЯ-ны инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийж байгаа тус төсөл нь гадаадаас орж ирдэг импортын багаж хэрэгслээс 2-3 дахин хямд өртгөөр дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа нь сайшаалтай байна. Энэхүү төслийг цаашид тасралтгүй амжилттай авч явахад БШУЯ, МУБИС зэрэг байгууллагууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага үүсээд буй. Цаашид бид төслийн үр шимийг хүртэж чадаагүй сургуулиудад төслийн бүтээгдэхүүнүүдийг түгээхэд БШУЯ шинжлэх ухааны технологийн сангаас дэмжлэг үзүүлэхээр ажиллана. Монгол Улс хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болоход төрөл бүрийн салбарт нарийн мэргэжлийн инженерүүд шаардлагатай. Инженерүүдийн гол суурь мэдлэг нь физикийн ухааны хичээл юм. Иймд байгалийн ухааны салбарыг дэмжиж ажиллах нэн шаардлагатай байна.
Сурагчдын онолын мэдлэгийг̆г бататгах, тэдний̆ сонирхлыг татах физикийн̆н хичээлийн цахилгаан электроник, механикийн лаборатори туршилтад ашиглагдах 13 нэр төрлийн багаж, төхөөрөмжийг зохион бүтээжээ.