Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатайгаар 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд нээлтээ хийж байсан энэхүү хөтөлбөр дөрөв дэх аймагтаа зочилон очлоо. Өмнө нь Хөвсгөл, Ховд, Дорнод зэрэг аймагт амжилттай хэрэгжсэн бөгөөд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр МХБХ болон ДХБХ-ноос томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүрэлцэн иржээ. Энэхүү сургалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхнийг Баян-Өлгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дарга Х.Баян хүлээн авч, “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд багш нарыг амжилттай суралцуулан, хүүхэд, багачуудад амьдралын сургууль болох хөлбөмбөгийн үндэс болсон Grassroots-ийг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөсөн байна. Хариуд нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны сургагч багш Герман улсын иргэн Horst Kriete аймагтаа энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарал тавин ажиллаж байгаад таатай байгаагаа мэдэгдэн, сургалтын анхны сурагч болон хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд нэгдэхийг уриалсан.
Сургалтын нээлтийн ажиллагаа 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Монгол-Туркийн сургууль дээр болжээ. Нээлтийн ажиллагаанд Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны сургагч багш Horst Kriete, Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд, Баян-Өлгийн аймгийн БТСГ-ын дарга О.Бахыт, Баян-Өлгийн аймаг дахь Боловсрол Соёлын Газрын мэргэжилтэн Х.Замамбек нар оролцлоо. Нийт сум, аймгийн сургуулиудаас төлөөлөн 32 багш нар хөлбөмбөгийн эрдэм номын дуу сонсож байгаа бөгөөд энэхүү сургалтаас олж авсан мэдлэгээ хөдөө сумдын бяцхан хүүхдүүдэд хүргэх итгэл өвөртлөн суралцаж байна.
Баян-Өлгий аймагт үргэлжлэх grassroots-ийн хөтөлбөр 3 хоног үргэлжлэх бөгөөд хамгийн сүүлийн өдөр Баян-Өлгий аймаг дахь Төв талбайд фестивалийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Нийт 4 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжих “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн 2012 оны төлөвлөгөө Дархан-Уул аймагт хэрэгжсэнээр өндөрлөх юм.
Баян-Өлгий аймагт хөлбөмбөгийн спорт улам хөгжин, казах ард түмний төлөөлөн болсон бяцхан хөлбөмбөгчдөөс эх орноо төлөөлөн олон улсын тавцанд алдар нэрээ цууриатуулсан алдартай тамирчид төрөн гарах болтугай.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО