Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс монгол” ХХК “Монгол нүүрс” брэнд бий болгоно

“Эрдэнэс монгол” ХХК “Монгол нүүрс” брэнд бий болгоно

/“Coal Mongolia-2022” чуулга уулзалтын эргэн тойронд/

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж өнгөрлөө. Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлохоор  нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээ, техник технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид нэгэн дээвэр дор цугласан юм.

“Coal Mongolia-2022” чуулганд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат  “Нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.

“Coal Mongolia-2022” чуулганы “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” салбар хуралдаанд тавигдсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбатын илтгэлийн гол агуулга нь 100 хувь төрийн эзэмшлийн уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэн “Зэс металлийн групп”,”Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваагдан Холдинг компани болж ажиллах тус компани нүүрс эрчим хүчний салбарт хэрхэн ажиллах, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар байлаа. “Монгол нүүрс” брэндийг бий болгох, Таван толгой-Зүүн баян, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулах, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаас гадна нүүрс тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч байгаа тухай илтгэлдээ онцолсон юм.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК “Монгол нүүрс” брэндийг бий болгож нүүрсний уурхайнуудаа дэмжин, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа гэлээ. Сайн чанарын нүүрсийг бусад нүүрстэй хольж нэг стандартын “Монгол нүүрс” брэнд гаргах юм байна. Ингэснээр Монгол нүүрс олон улсад танигдаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх, хэрэглэгчдийн худалдан авалт хялбарших зэрэг давуу талууд бий болох ажээ.

Манай улсын экспортын 40 гаруй хувийг нүүрсний экспорт дангаараа эзлэж байна.  Нүүрсний гарцаас хамаарч нүүрс тээвэрлэлтийн 20-30 хувийг хаягдал давхарга эзэлдэг. Үүнээс шалтгаалж экспортолж буй нүүрсний үнэ буурдаг. Монгол Улсын засгийн газраас тооноос чанарт буюу түүхий нүүрсний экспортоос баяжуулсан нүүрсний экспорт руу шилжих бодлого баримталж байгаа. Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж баяжуулсан бүтээгдэхүүн гаргаснаар олон улсын зах зээлийн үнээр эцсийн хэрэглэгчид хүрнэ. Мөн ялгасан хаягдлын хэмжээгээр тээврийн зардал буурч сайн муу бүх нүүрсээ ашиглах боломж бүрдэх юм байна. Үйлдвэрийг ашиглалтад оруулсанаар 500-900 хүний ажлын байр бий болж жилд дунджаар 185.8 сая долларыг улс орон нутгийн төсөвт татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлэх боломжтой болох юм.

Мөн уртын болон богинын тээвэрт дотоодын тээврийн компаниудыг түлхүү оролцуулж нүүрс тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд анхаарч байгаа тухай илтгэлдээ дурьдлаа. Дотоодын тээврийн компаниуд нэгдлийн системээр үйл ажиллагаа явуулахыг бодлогоор дэмжих, нүүрс борлуулалтын гэрээг зөвхөн уурхайн амнаас бус хилийн нөхцөлтэй буюу Эрээн, Ганц мод, Гашуунсухайт боомтын чиглэлд хүргэж өгөхөөр хийх  зэрэг валютын гадагш урсгалыг бууруулж төгрөгийн ханшийг сайжруулахад анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан