Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн талаар мэдээлэхдээ зарим ташаа мэдээллийг няцаалаа.
Тэрбээр "Япон улсын Засгийн газар бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа гэх худал мэдээлэл тарсан байсан. Гадаад улсын засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж буйг хоёр орны харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг бий болгох хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаа ба нэг жилийн хугацаанд 100 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан. Япон улсын гадаад хэргийн сайдын өнгөрсөн тавдугаар сард хийсэн айлчлал хоёр орны стратегийн түншлэл, хамтын харилцааг улам бэхжүүлсэн үйл явдал болсон.
Мөн БНСУ руу дамжин өнгөрөх иргэд визтэй болсон гэх худал мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан ба тухайн үед нь Гадаад харилцааны яам няцаасан албан мэдээг хүргэсэн. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж байгаа бодлогод сөргөөр нөлөөлөхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд тогтвортой байлгаж, нэмэгдүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсье. ГХЯ худал мэдээллүүдийг нягталж нэгтгэн хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна" гэлээ.