Монгол Улс болон Япон Улс хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд Ардчилсан намын гишүүд, төлөөлөгчид Япон Улсын “Токушима” мужид албан ёсны уулзалт, соёлын арга хэмжээнд оролцлоо. Энэхүү соёлын арга хэмжээ, бизнес уулзалтад Монгол Улсаас 70 гаруй бие бүрэлдэхүүнтэй, салбар бүрийн төлөөлөл уригдан оролцсон нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй уулзалт боллоо.
Ардчилсан намыг төлөөлж Япон Улсыг зорьсон Ардчилсан намын гишүүд, төлөөлөгчид “Токушима” мужийн газар тариалан, хүлэмжийн аж ахуй, гар урлал, зөгий үржүүлэг болон бусад салбарын үйл ажиллагаатай танилцав.
Соёлын арга хэмжээ, бизнес уулзалтын хүрээнд Япон Улсын талаас “Токушима” мужийн захирагч ноён Омэтэхара Тацума, “Токушима” мужийн ИТХ дарга Минами, “Токушима” хотын дарга Уракава Хироши болон ИТХ-ын гишүүд, Ардчилсан намын гишүүдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын эв найрамдал, хамтын үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, энэхүү арга хэмжээг Монголын талаас зохион байгуулан оролцсон Л.Баян-Алтай уулзалтыг зохион байгуулж байгаа “Токушима” мужийн захирагч, ИТХ-ын дарга, Хотын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлээд Монгол улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, улс төрийн зөвлөлт маягийн тогтолцооноос олон намын ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийг эхлүүлсэн. Энэ шилжилтийн явцад эдийн засгийн болон нийгмийн хөгжил дэвшилд Япон Улс олон талаараа хувь нэмэр оруулж, тусалсан гэдгийг онцлон тэмдэглэв.
Энэ хугацаанд Япон Улс, Монгол Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын ард түмэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн маш олон арга хэмжээг хоёр улсад харилцан зохион байгууллаа. Үүний нэг нь “Токушима” мужид ноён Тавовучи Иширогийн санаачлагаар зохион байгуулж байгаа бизнес уулзалт, соёлын арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас уригдан оролцож байгаа төлөөлөгчид “Токушима” мужийн орон нутгийн Засаг захиргааны үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагаагаа эхлүүлэх өндөр эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Ардчилсан намын гишүүд, төлөөлөгчдийг халуун дотноор угтан авсан “Токушима” мужийн удирдлага, Худалдаа аж үйлвэрийн танхимын удирдлага, Японы бизнес эрхлэгч компанийн удирдлагуудад талархал илэрхийлээд цаашдын 50 жил хоёр улсын найрсаг харилцаа улам бүр батжин бэхжиж, хөгжих болтугай хэмээлээ. Мөн энэ үеэр “Токушима” хотын дарга Уракава Хироши Монгол болон Япон Улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд, соёлын арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлэв. Түүнчлэн түүний Монгол Улсад өмнө нь хийж байсан ажлын айлчлал өндөр сэтгэгдэл төрүүлснээ дурсаад, монголчуудаас “Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ” гэдэг зүйр үгийг сурсан. Энэ үгнээс танилтай хүн монголын тал нутаг шиг өргөн уудам, сэтгэл дүүрэн амьдарч чадна. Харин танилгүй, найзгүй хүн өчүүхэн, алгын чинээ орон зайд амьдрах болно гэж ойлгосон. Үүнээс харахад монголын ард түмэн юу, юунаас илүү ах дүүгийн найрамдалт харилцааг эрхэмлэн дээдэлдэг гэж ойлгодог. Ах дүүгийн найрамдалт харилцааг энэ айлчлалаар илүү их бэхжээсэй хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Соёлын арга хэмжээг үргэлжлүүлэн, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Эрдэнэт хот нь 110 мянган хүн амтай. Монгол Улсын эдийн засгийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг уулын баяжуулах зэсийн үйлдвэртэй томоохон хот. Орхон аймгийн Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриар ажиллаж байгаа төдийгүй “Токушима” мужийн хотын удирдлагуудтай уулзаж, туршлага солилцох, цаашлаад Эрдэнэт хотын хөгжил дэвшилд Орхон аймгийн Ардчилсан намын төлөөллүүд туршлага судлахаар ирсэн гэлээ. Мөн тэрээр Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бизнес аялал, соёлын арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд найрамдалт харилцаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Ингээд “Токушима” мужийн захирагч, хотын дарга, ИТХ-ын гишүүд болон АН-ын гишүүд, төлөөлөгчид өнгөрсөн 50 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэн дүгнэж, цаашдын 50 жилд илүү өргөн цар хүрээтэй хамтран ажиллана хэмээн соёлын арга хэмжээний үеэр харилцан илэрхийлж байлаа.
Япон Улс, Токушима хот
2022.08.20-24