Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.ХАДБААТАР: С.ЭРДЭНЭД ӨӨР ЗАМ ҮЛДЭЭГҮЙ

Нийслэлийн ахмадын хорооны дарга, Чингисийн одонт Л.Хадбаатартай ярилцлаа.

-Та С.Зориг агсны жолооч нь байсан хүн. Тэр үеийн ардчиллын үзэл баримтлал юу байсан юм бэ. Тэгвэл өнөөдөр юу болчихоод байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би 1990 оны Ардчилсан хувьсгалын анхдагч, тэр хувьсгалд өөрийн биеэр оролцсон, үзэл санаагаа дэвшүүлж байсан хүн. Монголын Ардчилсан холбооны анхны ерөнхий зохицуулалтын холбооны гишүүн, Хамгаалалтын албаны дарга зэрэг албан тушаал хашиж явлаа. Энэ намыг анх үүсгэн байгуулахад ч бас өлгийг нь бэлдэж явсан хүн. 1990 оны гуравдугаар сарын улс төрийн өлсгөлөнг санаачилж байсны хувьд ардчиллын үзэл санааг ямагт хамгаалж явна даа.

-Танай намд үүсээд байгаа талцал хуваагдалтай холбоотой асуудлыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Тухайлбал, таны хамтран ажиллаж байсан С.Зориг агсны нас барсантай хэрэгтэй холбоотой хүмүүс нөгөө талд цугларчихсан ч гэх юм. Энэ талаар таны бодол?

-С.Зоригийн амь настай холбоотой асуудал байнга л тавигдаж байдаг. Эрх баригч намынхан энэ хэргийн эзэн холбогдогч нь өөрсдийнх нь дунд байгаа гэж ард иргэдийн толгойг угааж явсаар өнөөдрийг хүрсэн. Шүүхээс энэ хэрэгтэй холбоотойгоор ял авсан гурван хүн бий. Миний хувьд тэднийг энэ хэргийн эзэн холбогдогчид мөн гэж боддог. Хамгийн гол нь тэр гурав захиалагчаа л хэлж өгөхгүй байна. Харин тодорхой эрх бүхий хүмүүс тэр захиалагчдыг зарлах дургүй байна. Аливаа зүйлийг үйл явдлын эхлэлээс нь хөөж бодох хэрэгтэй. Ингээд хөөгөөд бодохоор эрх баригч намынхан, манай намын хэсэг нөхдийг дүнхүүрүүлээд байгаа С.Эрдэнэ мэтийн улсууд бол бүгд л тэр талд байсан. Үндсэндээ тэр үед нэр холбогдож явсан бүх хүмүүс нэг талдаа гарсан гэдэг нь бараг л үнэн дээ.

-Өнгөрсөн парламентын сонгуулиар намаа үнэмлэхүй ялагдалд хүргэсэн хүн бол С.Эрдэнэ дарга. Тэр хүн хариуцлагаа хүлээж тамгаа Ц.Туваанд гардуулж өгсөн. Гэтэл одоо жинхэнэ тамга тэмдэг нь надад байна, намын жинхэнэ дарга нь би гээд яриад байдаг. Үүнээс болоод ойлгомжгүй байдал үүсчихсэн?

-С.Эрдэнэ 2000 онд бас намаа хагалан буталгаж байсан хүн шүү дээ. МоАН-ыг байгуулж, намын дарга болох гэж их үзэж тарсан. Ардчиллыг хагалж, ардчиллын нэр хүндийг унагааж байсан ийм л хүн. Та нар нэг зүйлийг шууд ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл 2020 оны сонгуулиар С.Эрдэнэ ялагдаад намынхаа тамгыг Ц.Туваан руу шилжүүлээд өгчихсөн. Ийм хүнтэй дахиж бид зууралдаад байх шаардлага байхгүй. Энэ хүнийг өөд нь татаж гаргасан нь МАН. МАН-ын гар хөл гэдэг нь угаас тодорхой байдаг. 2024 онд МАН ялагдах нь ойлгомжтой. Тиймээс АН-ын нэр хүндийг С.Эрдэнийн гараар бузартуулах бодлого хэрэгжиж байна.

-Энэ мэт асуудлаас болж АН-ын нэр хүнд унасаар л байна. Парламентад ч бүлэггүй боллоо?

-Намаа будлиантуулж олон түмний дунд нэр хүндийг нь унагааж байна. Тэр битгий хэл олон улсад хүртэл манай намын нэр хүнд унаж байна. Ичиж үхмээр юм. С.Эрдэнэ гэдэг хүн өнөөдөр хэн ч биш. Яахав, МАН-ын хувьд бол 2024 онд аминд нь орох ганц чагтага нь С.Эрдэнэ. Тэгээд л энийгээ 2024 он хүртэл хадгалах сонирхол байна. Улс төрд ухаан хэрэгтэй гэтэл бас улс төрд ийм тэнэг хүн хэрэгтэй байдгийг хараад л байна даа бид нар.

-АН-ын ахмад гишүүдийн чуулганыг С.Эрдэнийн АН-аас зохион байгуулсан. Энэ хурлыг та юу гэж харж байна вэ?

- Муу улстөрчид, муу улс төрийн байгууллагад улс төр явуулахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр ухаангүй ард түмэн л хэрэгтэй. Энэ ухаангүй ард түмнийг хэнээр залах вэ гэвэл өнөөдөр С.Эрдэнээр тоглоом хийж байгаа байгаа юм. Энэний гар хөл болоод явж байгаа гэдгээ С.Эрдэнэ өөрөө бас дэндүү сайн мэдэж байгаа. Гэхдээ өөрт нь ингэж явахаас өөр зам байхгүй юм даа.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 157 (6889)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан