Хан-Уул дүүргийн шүүх энэ сарын 10-нд өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг өмнө нь хоёр сар хориод сулласан байдаг. Анх 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд цагдан хорьсон. Дараа нь тавдугаар сарын сарын 7-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих хугацааг нь сунгаж байжээ.
Б.Баасанцогтын хувьд хэд хэдэн асуудлаар шалгагдаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг.
Тэрбээр сая дахин хоригдсоныхоо дараа шүүгч нартай холбоотой ноцтой мэдүүлгийг өгсөн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Мөн шалгагдаж буй хэргүүдийнхээ талаар ч “ам нээгээд” байгаа аж. Тиймээс улс төр, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий хүмүүс Б.Баасанцогтыг суллахаар хөдөлж эхэлжээ. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэм Дээд шүүхийн дарга асантай уулзсан байна. Улмаар нөгөөх нь “...Баасанцогтыг сулла” хэмээн шат шатны нэр бүхий шүүгчдийг дарамталсан нь ил болоод байна.
Баттай эх сурвалжийн мэдээллээр Б.Баасанцогтыг шалгаж буй хэргийн тоо нэмэгдэж, хамрах хүрээ нь өргөжжээ. Өөрөөр хэлбэл, дуулиан шуугиан болоод нам дарагдсан, түүний оролцоотой зарим хэрэгт хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаа хийж буй юм байна.
Б.ДАМДИН-ОЧИР