Хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэхээр болжээ. Энэхүү шийдвэрээс гарах төсвийг 2023 оны төсөвт суулгах юм байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн орон сууцнуудын төсөлтэй танилцах үеэр Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийсэн аж.
Тэрээр “2023 оны төсвийн онцлог нь Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу очиж ажиллах боловсон хүчинг дэмжихэд оршино. Нэг ёсондоо бол Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт очиж ажиллаж буй иргэдээ шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа, шинэ үеийн илгээлтийн эзэд гэж нэрлэж байна. Үүний хүрээнд,
-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах иргэдэд ипотекийн зээлийн багц дэмжлэг олгоно.
-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ.
-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин очвол нэг удаагийн тэтгэмж олгоно.
-Нийслэлд ирж амьдрах хүмүүс татвар төлнө. Энэ мэтчилэн зохицуулалтыг бодитой хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам нийслэлийн асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг улам нэмэгдэнэ. Эдийн засаг өсөж, ажлын байр нэмэгдэнэ. Одоогийн байгаа хурдаар бол нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувь дээр төвлөрсөөр байгаад нэг хот болж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хөдөө нутаг эзгүйднэ” гэсэн юм.