Цахим хөгжлийн яамтай хамтарч хэрэгжүүлж буй ажлуудын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд мэдээлэл өглөө.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1200 үйлчилгээ, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээ цахимжсан байна. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, гар утаснаасаа авах боломжийг улам бүр нэмэгдүүлнэ. Мөн уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийг цахимжуулах чиглэлээр ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд 13 мянган лиценз олгогдсон. Энэ лицензийг хэн авсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, ашигласан эсэх нь тодорхойгүй байв.
Уул уурхайн салбарын далд наймаа гэгдэх лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно. Тиймээс Цахим хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран цахимжуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн замын төлбөрийг цахимжуулах ажил хийгдэнэ. Жилд 30 гаруй тэрбум төгрөг замын төлбөрөөс орлого болдог. Хэрэв бүрэн цахимжуулж чадвал одоогийн орлого 30 хувиар өснө гэж харж байна. Цахимжуулалтын хүрээнд QR эсвэл картаар төлнө. Энэ ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.
Дараагийн ажил бол тоон гарын үсэг. Одоогийн байдлаар 252 мянган хүн тоон гарын үсэг авсан. Эдгээр иргэд тоон гарын үсгээр өөрийн хаана байгаагаас үл шалтгаалж цахимаар авах боломжтой гэсэн үг.
Ингэснээр цаашид нотариат хэрэггүй болох боломжтой. Боловсролын салбарт гарсан энэ жилийн нэг онцлог шийдвэр бол сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах. Жил бүр 34 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол есдүгээр сарын 1-нээс бүх хүүхдүүдийг хамруулахаар зорьж байна. Тодруулбал, ирэх сарын 1-н гэхэд 24 мянга хүүхдийг хамруулж, он дуусахаас өмнө үлдсэн найман хүүхдийг хамруулна.
Цахим бүртгэл бол сугалаа огт биш. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд бүртгэлийн дараалал огт хамаарахгүй гэдгийг сануулъя.