Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар шатахууны асуудал болон намрын ургац хураалтын талаар хэлэлцжээ. Удахгүй газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын ургац хураалтын ажлууд эхлэнэ. Тариаланчдын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа шатахуун, дизелийн түлшний үнэ тогтвортой, хангалтыг хэвийн байлгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Намрын ургац хураалтын ажлын эрчимжүүлэх, үнийн өсөлтөнд бодитоор нөлөөлж буй шатахууны үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр зохицуулалт хийх шийдвэр гарчээ.
Тухайлбал, Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд цохилт болсон. Тиймээс намрын ургац хураалт, улаанбуудай, хүнсний бүх төрлийн ногооны зах зээлийн бодит ханшид шатахууны үнийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй байх үүднээс газар тариалангийн компаниуд зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямд шатахуун худалдан авах боломжтой болох юм.
Мөн Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай 10 мянган тонн хүртэлх дизелийн түлшийг литрийг нь 3400 төгрөгт барихаар болсон. Үүнийг ургац хураалтын үеэр дизелийн түлшний үнэ хаврын тариалалтын үеийнхтэй ижил түвшинд байлгах зохицуулалт гэж ойлгож болох аж.
Харин АИ92 бензиний тухайд одоогийн үнийг он дуустал тогтвортой байлгахаар Засгийн газраас зохиуулалт хийжээ.