Сүүлийн үед төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд, үр дагаварууд нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов”, “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэгчийн үлгэрийг санагдуулах боллоо. Эмээлт орчимд байрладаг мах боловсруулах үйлдвэрүүд химийн бодис ашиглаж байсан гэх дуулиан олон нийтийн анхааралд орж, төр засаг ч тодорхой шийдлийг гаргаж байна. Хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас төрөөс ингэж анхаарах нь ч зүй. Гэхдээ гарч байгаа шийдвэр нь улсад, бүр тодорхой хэлбэл монголчуудад хохиролгүй байх ёстой. Гэтэл төрөөс дулааны аргаар мах боловсруулахыг хориглож, БНХАУ руу хийх махны экспортыг он дуустал зогсоожээ. Гадны хөрөнгө оруулалттай, маханд химийн хорт бодис хольсон гэх үйлдвэрүүд рүү орж чадахгүй байсан хэр нь үндэсний компани болох “Мах импэкс”-ийг ажилчдыг нь хөөж гаргаж байгаад шалгаж байна. Экспорт бол мөнгө. Монгол Улсад өнөөдөр мөнгө хэрэгтэй юу хэрэгтэй. Дэлхий нийтээрээ үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, экспортын төлөө явж байхад манайх эсрэгээрээ байгааг юу гэж ойлгох вэ.
Түүхэнд магадгүй, хамгийн их хохиролтой, хамгийн хүнд гэж бичигдэх, бас магадгүй цаашдаа бүрэн устаж үгүй болохгүй аймшигт цар тахлыг хүн төрөлхтөн даван туулж байна. Энэ нэн хүнд нөхцөл байдал улс орнуудад хүнд бодлого бодуулж, төрөөс маш ухаалаг бодлого явуулахыг шаардаж буй. Цар тахал дахиад ч идэвхжиж, дэлхий нийт дахин аюулд орох эрсдэл өндөр байгааг бүгд ойлгож байгаа. Тийм ч учраас өнөөдөр дэлхийд үндсэндээ гарсан жаахан чөлөөг ашиглаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжин тусгаар байдлаа бэхжүүлэх, бусад улсуудыг үндэсний үйлдвэрлээлээ хөгжүүлж бие даахаас нь өмнө амжиж ахиухан шиг бараа түүхий эд нийлүүлж авах гэсэн хоёр л өрсөлдөөн өрнөж байна.
Идэж уух, өмсөж зүүхээсээ илүү гарсан дөмөг зарим нь эдийн засгаа сэргээхийн хажуугаар хөгжлийн шинэ чиг хандлагыг тогтоох, цар тахлыг далимдуулан уламжлалт бэрхшээлүүдээ нэгмөсөн шийдээд авахыг бодсон төлөвлөгөө зурж, хэрэгжүүлж байна. Ийм том зорилгод том мөнгөтэй байж л хүрэх нь тодорхой учир дор бүрнээ мөнгөний эрэлт хатаж байгаа. Жишээ нь манай хойд хөрш ОХУ эдийн засгаа сэргээхэд зориулж 6.4 их наяд рубль гаргаж, есөн чиглэлд 500 гаруй сегментийг санхүүжүүлсэн.
Манайхтай ижил уул уурхай, хөдөө аж ахуй голлосон эдийн засагтай Чили улс цар тахал, хэдэн жил дамнан үргэлжилсэн ган гачиг, баялгийн хуваарилалтыг хүн бүрт тэгш хүртээмжтэй байлгах эдийн засгийн загвар бий болгох иргэдийн шаардлага гэсэн гурван асуудлыг нэгэн зэрэг шийдэхийг зорьж байгаа бөгөөд шийдэх түлхүүр нь үндэсний үйлдвэрлэл, экспорт гэж тодорхойлсон байна. .
ДНБ-тэйгээ тэнцэх хэмжээний мөнгийг цар тахалтай тэмцэх, тогтоон барихад зарцуулсан Шинэ Зеланд улс хэдэн зуун тэрбум ам.доллараар тоологдох мөнгийг эдийн засагтаа оруулж, иргэдээ орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэхээр зорьж байх жишээтэй.
Дэлхийн ихэнх улс орнуудад мөнгөн тэмдэгт нь ам.доллартай хамааралтай байдаг. Доллар оруулж ирэхгүйгээр эдийн засгаа тэтгэх бололцоо маш хомс. Улс орнууд экспорт руу хошуураад байгаагийн утга нь ийм.
Гэтэл манай төр эсрэгээр нь хийж, экспортын том сувгаа хааж, үндэсний үйлдвэрлэгчээ шалгаж байгааг ойлгохгүй байна. БНХАУ өөрийн гэсэн стандарттай хил гаалийн хяналт шалгалт чанга учир муудсан мах дотоодын зах зээлд зарагдсан байх магадлал хамгийн өндөр. Гэтэл дотоодод зрагдаагүй, гадагшаа гаргадаг байсан гэдэг мессеж өгөхийн тулд л экспортоо хааж тэнэгтэв үү гэж тааж байна. дахиад хэлэхэд экспорт гэдэг чинь мөнгө. Тэндээс олон хүн ажлын байраар хангагдаж, түүнээс ч олон хүн тэжээгдэж байдаг.
“Тураг ядрахаар уулаа, хүн ядрахаар төрлөө” гэдэг шиг иргэд ядрахын цагт төрийнхөө л гарыг хардаг. Угаас тэгэх ч гэж төр гэдэг бүтцийг бодож олсон нь лавтай. Гэтэл хүн төрөлхтний оюуны үнэт бүтээл, бэрхшээлийг давж гарах түлхүүр болсон төр нь ард түмнээ санаатай, санаандгүйгээр хорлодог байж болох уу.