Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэй үргэлжлэхээр шийдвэрлэв.
Хохирогчийн өмгөөлөгч н.Баасанжаргал шүүх хуралдааны яллах дүгнэлт уншиж сонсгох, гэрч Т.Ганзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гал-Эрдэнэ нарын мэдүүлгийг сонсох, нотлох баримт шинжлэх судлах хэсгийг бүхэлд нь хаалттай явуулах санал гаргасан байна.
Харин хохирогчийн өмгөөлөгч н.Бат-Ерөөлт яллах дүгнэлт унших хэсгийг бүхэлд нь нээлттэй сонсгож бусад хэсгийг хаалттай горимоор явуулах санал гаргажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг өмгөөлөгч нарынхаа байр суурийг дэмжлээ. Мөн шүүгдэгч Н.Түвшинбаяр өмгөөлөгчдийн гаргасан хүсэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй гэсэн тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлага авлаа.
Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
"Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан. Харин хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. Шүүгч талуудын хүсэлттэй танилцаад шүүх хурлыг нээлттэй горимоор үргэлжлүүлж байна" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.