Агаарын температур Увсын нутаг, Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн баруун хойд хагаст болон Сэлэнгийн нутаг, Төвийн нутаг, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ. Хур тунадасны хувьд Их нууруудын хотгор болон Алтайн өврөөр олон жилийн дунджаас бага байна. Мөн нутгийн зүүн хэсэг буюу Дорнод аймагт хур тунадас бага байна. Газар тариалангийн бүс нутаг буюу Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн зүүн хойд хэсэг болон Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас их хур тунадастай бол бусад нутгаар олон жилийн дунджийн дагуу байна. Хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн болон дунд хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орно. Агаарын температур сарын эхэн болон сүүлээр олон жилийн дунджаас хүйтэн байх бол дунд үедээ дунджаас 1-2 градус дулаан байх төлөвтэй байна.
Малчин болон тариачин ард иргэдийн анхааралд: Баруун аймгуудын нутаг болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орж, агаарын температур дунджаас дулаан байх нь гандуу хуурай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа бол газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч мөн хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.