Эрүүгийн цагдаагийн албанаас ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяаг автомашины дугаарын шинэ сери задарч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн trans.dep системд оруулахад “азын” гэх дугааруудыг хэн нэгэн захиалсан мэтээр өөрчилж, улмаар танил талаараа дамжуулан худалдаж, мөнгийг нь угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна. Б.Эрдэнэтуяа нь улсын дугаарын шинэ сери задрахад дээрх байдлаар иргэн Н.Дөлгөөн, Б.Бат-Орших нараар дамжуулан автомашины ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, хамаарал бүхий хүмүүсийнхээ ХААН банкны дансанд мөнгийг нь шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн ашиг олж мөнгө угаасан байж болзошгүй байгаа гэнэ. ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийнхөн 2021 оны хоёрдугаар сарын 15-наас хойш авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлагаар худалдахаар 16 удаа зарласан бөгөөд 2165 дугаар борлуулсныг АТГ-ынхан мэдээлсэн юм. Дуудлагаар худалдсан “азын” гэх дугааруудыг ердөө 17 иргэн авсан бөгөөд иргэн А гэхэд 17 дугаарыг дуудлагаар худалдаж авсан бололтой. Б.Эрдэнэтуяа нь Зам тээврийн сайд Л.Халтарын хамаарал бүхий этгээд хэмээн тус яамныхан ярьж байна.