Монгол Улсын Засгийн газар Лхагва гариг бүр ээлжит хуралдаан хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэдэг. Засгийн газар өнөөдөр 09:00 цагаас хуралдана.
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт дараах асуулуудыг шийдвэрлэсэн. Тодруулбал,
-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлнө. Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. “2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээлсэн.
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Тус хуулийн төсөл нь 3 бүлэг, 10 зүйлээс бүрдэж байна.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Бүтцийг шинэчлэн баталснаар:
-Ашигт малтмалын төрөл, үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь нэгдлийн компаниудыг төрөлжүүлж ажиллах нэгдмэл тогтолцоо бүрдэнэ.
-Нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг нэгдсэн бодлогоор удирдаж, үргүй зардлыг багасгана.
-Нэгдлийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, хөрөнө оруулалт татах боломж нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзжээ.
-“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна.
-2022 оны гуравдугаар сард цахим хэлбэрээр зохин байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгав.
-Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.