Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУИС, ЭМШУИС, ХУИС-ийн захирал авлигын жагсаалтыг тэргүүлжээ

Ясли, цэцэрлэгээсээ авахуулаад их, дээд сургуульдаа хүртэл хандивын ангитай манай боловсролын тогтолцоог ялзарч буйн шинж гэж муулах хүн цөөнгүй. Хэдийгээр хандивын анги гэсэн нэртэй ч багш, удирдлагуудынх нь далд бизнес гэдгийг хаа хаанаа мэддэг, эцэг, эхчүүд нь гомдоллодог хэрнээ яг таг баримт нь энэ гээд ул үндэстэй нь гаргаж ирсэн нь цөөн. Тиймдээ ч сайд,  Боловсролын байгууллагын дарга нар нь хэвлэл мэдээллээр “Хандив авдаг багш, захирал байгаа бол бидэнд бодитой мэдээлэл өгөөд, асуудлаа шийдүүлж болно. Хандивын анги нэрийдлээр авлига авч болохгүй” гэж яриад байхад “Би тэр сургуулийн захирал, багшид нь тэдэн төгрөгийн хахууль өгч байж хүүхдээ оруулсан” гэж хэлэх зүрх зоригтон гарч ирдэггүй.
Гэтэл өчигдөр юу болсон юм гэмээр зүрх зориг Монголын оюутны холбооныхноос гарлаа. Тэд авлига авч их, дээд сургуульд оюутан элсүүлж буй сургуулиудын захирал, багш нарыг нь нэр устай нь зарлаж, авлигатай хатуу тэмцэхээ мэдэгдэв. Энэ удаад хандив нэрээр авлига авсан хүмүүсийн жагсаалтын  эхэнд МУИС-ийн С.Төмөр-Очир,  ЭМШУИС-ийн Ц.Лхагвасүрэн,  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Б.Чулуундорж,  Анагаах ухааны “Ач” дээд сургуулийн Д.Баасанжав, “Этүгэн” дээд сургуулийн С.Нямзагд, “Оточ маарамба” дээд сургуулийн Д.Нацагдорж гээд захирлуудын нэр бичигджээ.
Тэднийг МОХ-ны хүсэлтээр 2005  онд БСШУ-ы сайдаар ажиллаж байсан П.Цагааны гаргасан 148 дугаар тушаалыг зөрчиж хандивын анги нээж мөнгө идсэн, оноо нь хүрээгүй элсэгчдийг сургуульдаа  эл­сүүлж авсан гэж буруутгаж байна.  Энэ жил сургуулиудын хандив 1.5-5 сая төгрөгийн хооронд байжээ. Хандив нэрийдлээр шалгалтын оноо харгалзахгүйгээр халаасных нь зузааныг харж, залуусыг сургаж байгаа нь төрийн өмчийн тэр дундаа манай улсын хамгийн том гэгддэг их сургуулиудын нэр хүндийг унагаж байна хэмээн ихэд ундууцаж байгаагаа МОХ илэрхийллээ.
Тиймээс оюутнуудаас ав­сан авлигын мөнгөө буцааж өг хэмээн захирлуудад нь хатуу сануулжээ. Бас болоогүй ээ өгөхгүй бол өөрсдөө нэхэн  авч тухайн оюутанд нь өгөх юм байх. Мөн төрийн сайдын гар­гасан тушаал яагаад хэрэгжихгүй байна, хандив нэртэй авлигыг цэцэглүүлж байгаа төрийн өмчийн тодотголтой их, дээд сур­гуулиудын захиралд хол­богдох яамны удирдлагууд нь арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаагаа дуулгасан.
Харамсалтай нь, авлигыг таслан зогсооё гэж хэлдэг, ярьдаг хэрнээ өдийг хүртэл нэг ч сайд дарга дээрх тушаалыг ажил хэрэг болгож хэрэгжүүлээгүй. МОХ бас бүх баримт нь байсаар байхад  арга хэмжээ авдаггүй байсан нь үе үеийн боловсролын сайдын хувийн ашиг сонирхолтой холбоотой гэж  зоригтой хэлэв.  Түүгээр ч барахгүй БШУ-ы сайд Л.Гантөмөрийг энэ тушаалыг хэрэгжүүлж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна билээ. Ямартай ч, ажлаа авсан даруй­даа л  багш нарыг авлигаас татгалзахыг уриалсан салбарын сайд Л.Гантөмөр “Би та бүхнийг авлига авдаг гэж хэлээгүй. Судалгаагаар боловсролын салбар авлига ихтэй гэж гарч байна. Тийм учраас багш, захирлууд хэн нэгнээс ямар нэгэн байдлаар бэлэг авахаа зогсоох хэрэгтэй. Манай багш нар хэн нэгнээс цэцэг, бэлэг авахаа боливол Монгол даяар авлигаас татгалзана.
Хэрэв багш нартаа хүн­дэтгэл үзүүлмээр байвал захирлууд мөнгөө төсөвт тусгаад авч болно. Энэ санаачилгыг багш нар өөрсдөө гаргах хэрэгтэй” гэсэн.  Тэгэхээр шинэ сайдад итгэх найдлага бас байна. Харин эдгээр захирлын ээдрээтэй хэргийг Авлигатай тэмцэх газрынхан хэрхэн шийдэх нь хэн бүхний анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Учир нь, “Энэ жил манай сургуульд сая төгрөгийн төлбөр өгч 1000 оюутан элссэн” гэдэг мэдээллээ Үндэсний татварын ерөнхий газарт гаргаж өгдөг захирлууд хандиваар орсон оюутнуудынхаа талаар огт ам нээдэггүй, мөнгийг нь сургуульдаа хэрхэн зарцуулснаа тайлагнадаггүй нь цаанаа л учир битүүлэг болохыг нь батлаад өгч буй гэлтэй.
Мөн өнгөрсөн жил өдрийн ангийн оюутнуудад 70 мянга хоёр зуун төгрөгийн тэтгэлэг өгөх үед гарсан зөрчлийн талаар МОХ-ныхон өчигдөр мэдээлэв. ШУТИС яамнаас тогтоосон оюутны хяналтын тоог зөрчиж 5000 оюутан нэмж элсүүлсэн нь дээрх тэтгэлгийг өгч эхлэх үед илэрсэн гэнэ. Тухайн үед багагүй маргаан дэгдэж, хэвлэлийнхэнд хан­дахад хүрэхэд төр засаг тэр дор нь арга хэмжээ авч, мөнгийг нь  шийдэж өгсөн гэв. Энэ мэтээр хандив нэрээр сургуульд элссэн оюутнууд хохироход хүрдэг гэж МОХ мэдэгдлээ.  Ямартай ч, авлига авсан хүний нэрсийг бараг л анх удаа хэвлэлийнхэн ил тод зарласан  МОХ-ныхонд таларх­­маар.
Гэхдээ тэдний эл үйлдэл нь борооны дараа цув нөмрөхтэй адил байсныг бас хэлэх нь зүйтэй болов уу. Жил бүр их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын үеэр сургуулийн хуваарь авах, сонирхсон ангиа сонгох нь тогтсон ханштай болсныг элсэгчид хэлээгүй биш хэлсээр л ирсэн.  Мөн төгсөх дамжааныхан ангийн багш, сургалтын албаны болон бусад удирдлагаа цайны мөнгөөр ивээн тэтгэж хүссэн дүнгээ тавиулдаг болсныг  үе үеийн оюутнууд дуу дуугаа авалцан ярьцгаадаг. Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн хавар МУИС-ийн Худалдааны сургуулийн 80 гаруй оюутан дүнгээ засуулахын тулд сургалтын албаныхаа мэргэжилтэнд 400-700 мянган төгрөгийн авлига өгсөн нь илэрсэн. Гэвч сургуулиа төгсөх болоход  дүн нь хэвээрээ байснаас төгсөлтийн щалгалтаа өгч чадахгүйд хүрч хэвлэлийнхэнд үнэнээ учирлаж байв. Авлига өгсөн оюутнууд  үүнийгээ “Шударга ёсны төлөө” гэж тайлбарлаж байсан санагдана. Энэ мэтээр авлига амь бөхтэй байсаар, их дээд сургууль байтугай ЕБС-ийг эзэлчихээд байхад яагаад 170 мянган оюутны эрх ашгийг хамгаалдаг гэдэг МОХ-ныхон долоон жилийн дараа үүнийг гаргаж тавьдаг билээ гэсэн асуулт гарч ирж байна. Нэгдүгээрт, дээрх хандивын анги нэрийдлээр мөнгө иддэг арга нь энэ жил бий болчихоогүй өмнө нь ч байсан. Тэгээд ч авлигын энгийн нэг хэлбэр гэдэгтэй маргах хүн үгүй. Хоёрдугаарт, оюутны эрх ашгийн төлөө явж байгаа л юм бол 500, таван мянган оюутан зөвшөөрөлгүйгээр элсүүлснийг нь мэдэж бай­сан хэрнээ яагаад нийтэд мэдээлээгүй байдаг билээ. Гуравдугаарт, оюутнууд өөрс­дөө хахууль өгдөг хэрнээ бүтэлгүйтсэн тохиолдолд МОХ араас нь явж нийтэд зарлаж, шударга царайлдгаа болих хэрэгтэй болов уу. Мөн овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр, унасан хичээлээ дахин судлаад явах ёстой толгой хоосон оюутнууд дүн тавиулах  хялбар аргыг сонгодоггүй бол яалаа гэж авлига газар авах билээ. Юутай ч, их дээд сургуулийн захирал, ректорууд хандивын анги нэрээр хэдэн зуу, мянган оюутан илүү элсүүлж, сургалтын төлбөрөөс илүү мөнгө авлигаар авдаг нь тодорхой байсан ч баримтгүй дам яриа байсаар ирснийг МОХ нотоллоо. Үүнийг хаацайлахын тулд БСШУ-ы өмнөх сайд оюутны тэтгэлгийг бас илүү өгч байсан нь ил болов. Одоо энэ бүхий л баримтыг Авлигатай тэмцэх газар хэрхэн шалгаж гаргаж ирэх л үлдлээ. Ийм захирлуудтайгаа БШУ-ы сайд Л.Гантөмөр бас хэрхэн хариуцлага тооцох бол.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
haha ma sur baishd
Хамгийн их уншсан