Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн жил тутмын хурал болж, 2012 оны эхний есөн сард тус хорооноос хийсэн ажлын тайлан, “Лондон-2012″ олимпын наадамд оролцсон дүнгийн талаар тайлан сонслоо. Хуралд оролцсон гишүүд МҮОХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг онцлоод Монголын баг тамирчид олимпын наадмаас таван медаль хүртэж түүхэн амжилт үзүүлснийг өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа хуралдаж, МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулан ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хорооны гишүүд, хяналтын зөвлөлийг сонгодог Олимпын чуулганыг 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо явуулахаар шийдвэрлэжээ. МҮОХ-ны эрх барих дээд байгууллага – Олимпын чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөл, олимпын медальтнуудын төлөөлөл оролцдог билээ.