/Аян замын тэмдэглэл/
Илгээлтийн эзэд одоо уугуул, суугуул иргэд нь болж, идээшсэн дассан Эрдэнэт хот руу шөнө дунд шахам замд гарлаа. Энэ оны хоёр дахь томилолт ингэж таарав. Тэнд "Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" сэдэвтэй форум болох юм. Ирсэн урилга дээр" Гуравдугаар сарын 11" гэж бичжээ. Тэр өдөр нь маргааш. "Баатар үйлдвэр" хэмээн өнгөрсөн жилээс төр, түмний хүндэтгэл хүлээх болсон Эрдэнэт үйлдвэрийн санаачилгаар ийм хурал анх удаагаа орон нутагт "Шинэ сэргэлтийн бодлого" хүрээнд болж байгааг сурвалжлан бичих зорилготой яваа нь энэ. Галт тэргээр хөдлөх байсан ч хувь, хувьсгалын ажил оройтоод, дараагийн унааг хүлээсэн хэрэг.
Олон сэтгүүлч орон хотоос томилолт өвөртлөн гарчээ. Зарим нь Эрдэнэт рүү, өөр нэг хэсэг нь маргааш нээлтээ хийх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд хүлгийн жолоо залсан байна. Аль аль нь Монгол Улсын хөгжлийн төлөө зам нийлжээ. Төмөр зам, аж үйлдвэржилт нэг зоосны 2 тал юм. Өнөө жил Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд олон ажил төлөвлөж байгаагийн нэг нь энэ хурал чуулган юм байна. Улсын төсвийг нуруун дээрээ үүрч яваа төрийн өмчит ганц хоёр компани гэвэл Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой л санаанд бууж байна. Бусад нь дандаа алдагдалтай, төсвөөс татаас, дэмжлэг авч ирсэн арвин туршлагатай.
Үүрийн цагаан гэгээтэй уралдан бид зорьсон газраа хүрч ирлээ. 100 гаруй мянган хүн амтай, уурхай түшсэн суурингуудын нэг нь Эрдэнэт. Хүүхэд залуучуудын улаан хавтастай зузаан нэвтэрхий толь дээр байдаг цэвэр цэмцгэр хот. Ийм л хар багын дурсамж, дурдатгал дахин сэргэнэ. Тэр л хуучны дүр төрхийг одоо бас эндээс эрж үгүйлнэ. Хотжилт цар хүрээгээ улам тэлсээр... Уул дамнасан урт гэр хороолол, яг л Улаанбаатар шиг хот төлөвлөлт эс хүссэн ч бий болжээ.
Суурин соёлд монголчуудыг танилцуулсан хүнд, хөнгөн аж үйлдвэрийн бүс нутагт ирэх албан томилолт болгоны гол дүр нь Эрдэнэт үйлдвэр байдаг. Энэ удаагийнх мөн адил Эрдэнэт үйлдвэрээр "овоглосон" арга хэмжээ байлаа. Улс орны дунд хугацааны хөгжлийн бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх аж үйлдвэрийн төслүүдийг өнөөдрийн чуулган хэлэлцэх юм. Чухам үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил тал талаасаа ярилцах, хэрхэн оролцох өөрсдийн боломжит хувилбаруудаа дэвшүүлэхээр ийнхүү цуглажээ.
Өглөө бүрхэг хэдий ч борооны дараа л ийм байдагсан гэмээр агаар урь зөөлөн, чийглэг. Өмнө харагдах цастай уулсын оройгоор үүлэн хөшиг татна. Тэр үүл Эрдэнэт хотын дээгүүр хяруу унагаж өнгөрсөн ч байж мэдэх юм. Тэр цасан хяруу царайн царайн будраагүй ч хаврын тоосыг даржээ.
Уурхайчин Соёлын ордонд "Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" чуулган Төрийн дуулал эгшиглүүлсээр эхэлж байна. Төр, засаг, хувийн хэвшлийнхэн энд олуулаа өргөн бүрэлдэхүүнтэй саатжээ. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд жинтэй их тус нэмэр болсон. Маргах аргагүй бодит дэмжлэг тэр.
Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, ус хангамж, хог хаягдлын төлбөр, хураамжийг бүрэн хариуцсан. Үүнд нэг их наяд төгрөгийг зарцуулсан гэсэн тайлан мэдээ бий. Нэмээд улсын болон орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн талаар олон хэвлэлүүд бичсэн дээ. Энэ хоёр тоо Эрдэнэт үйлдвэрийн мөнгөн урсгал, орлого, зардал гэж ямар нүсэр том болохыг харуулна.
Аж үйлдвэржилтийн бодлогын үр дүнд XX зуунд бий болсон Эрдэнэт хот энэ зуунд ч жишээ, жишиг болж яваа. Тэгвэл "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан зургаан шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлын нэг нь Аж үйлдвэржилт. Аж үйлдвэрийг хөгжүүлэхээс эдийн засаг тогтвортой өсөх, хямрал, хүндрэл арилах, уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнээ бүрэн дүүрэн боловсруулах, иргэдийн орлого нэмэгдэх, улс орны хөгжил урагшлах эсэх нь үлэмж хамаарч эхэлнэ. Үүнийг бид улс нийгмээрээ одоо л ойлгож, ухаарч байх шиг байна. Тийм учраас Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу "Шинэ сэргэлтийн бодлого" нэмүү өртөг шингээх Аж үйлдвэрийн төслүүдийг цаг алдалгүйгээр эхлүүлэхээр шамдаж байна.
УИХ-ын 106 дугаар тогтоол ажил болох итгэл төрнө. Засгийн газар эсвэл Эрдэнэт үйлдвэр дангаар эдийн засгийн шинэчлэл, үсрэлтийг хийж чадахгүй. Хүсэл байвал хүч дутна. Төсвийн мөнгөөр томоохон төслүүдийг барьж, байгуулж бас дийлэхгүй. Хүрэлцэхгүй. Ийм чадал тэнхээ хөгжиж буй улс орнуудад хараахан байдаггүй юм билээ.
Харин гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хичээл зүтгэл, төрийн бодлогын дэмжлэг дор босгож, бүтээсэн жишээ л их бий. Хувийн хэвшилдээ боломж олгосон улс орнууд өөдөлж, өөрчлөгддөг юм байна. Үүнийг Засгийн газар олж харж, одоо яриад байгаа 100 гаруй төслүүдээ хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр шийдсэн гэж ойлголоо. Төр бизнес рүү, төслүүд рүү гүн хутгалдах тусмаа л амжилт эс олсон байдаг. Энэ алдаагаа манай засаг дахин давтахгүй гэж хичээж байгаа нь мэдрэгдлээ. Анзаарагдаж байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Шинэ сэргэлтийн бодлого болон улсын төсвийн бодлого хэрхэн дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг танилцуулсан бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн шинэ хуулийн төслүүдийг яаж "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэмжих талаар, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр Аж үйлдвэрийн төслүүдийн тухай, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, салбарын бодлогоо "Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" чуулганы оролцогчдод ярьж хэллээ. Бэлтгэсэн илтгэл, түүний график, агуулга, чанар хүнд хүргэх арга хэлбэр төрийн бүхий л шатанд сайжраад байгаа. Үүнийг дээрх илтгэлүүд энд дахин нотолж өглөө.
“Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумаар “Эрдэнэт үйлдвэр” ойрын хугацаанд буюу 2025 он хүртэл хэрэгжүүлэх 22 төслөө танилцуулж, шаардлагатай санхүүжилтийн 50 хувийг өөрсдийн борлуулалтын орлогоос, үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хямд санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах замаар бүтээн босгох их ажил руу орж байгаагаа дуулгасан юм. Төслүүдийн нийт санхүүжилт урьдчилсан байдлаар 2 тэрбум ам.доллар гэнэ.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм нь ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхойлсон. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах үйлдвэр “Үйлдвэр, технологийн парк байгуулах цогцолбор”-ын хүрээнд сүндэрлэх юм.
Монголын эдийн засгийн чуулганы өмнөх хамгийн том бодлогын хэлэлцүүлгийг Эрдэнэт үйлдвэр санаачилж, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан Аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд түүчээлэх үүрэгтэй оролцохоор байна. 2025 он хүртэл хэрэгжүүлэх төслүүдийнх нь ТЭЗҮ тодорхой болсон зэргээс харвал тасралтгүй үйлдвэрлэл, үүнийг дагасан туршлага, бэлтгэгдсэн хүний нөөц, ноу хау нь энд байна аа. 2017 оноос хойш эрчимтэй явуулсан геологи, хайгуулын ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэр цаашид 60-70 жил хэвийн ажиллах боломж бүрджээ. Үүнд 30 гаруй сая ам.доллар зарцуулсан байна. Баталгаажсан нөөц тэр хэрээр нэмэгдсэн бөгөөд Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлжээ.
Орон нутагт болж байгаа "Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форумаар онцгойлж үзсэн аж үйлдвэрийн 13 төсөл дотор дээрх төслүүд мөн багтаж байгааг хэлье. Нэмээд Газрын тос боловсруулах үйлдвэр, Газрын тос дамжуулах хоолой, Нүүрс баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэр гээд үргэлжилнэ. Эдгээр төслийн зарим нь эхэлсэн яваа. Хөрөнгө оруулалтын хувьд төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хүчийг нэгтгэж чадах эсэхээс их зүйл шалтгаалахаар байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Шинэ сэргэлтийн бодлогыг бодит үйл хэрэг болгохын тулд хувийн хэвшилд илүү боломж олгох хэрэгтэй" гэж байр сууриа маш тодорхой чуулганы индрээс илэрхийлж байсан. Төр хувийн хэвшилтэй долгионоо тааруулж чадахгүй, үүнийг хүсэхгүй бол үл ойлголцол, үл итгэлцэл эндээс үүснэ.
Мөнгөгүй бол "Шинэ сэргэлтийн бодлого"-ын төслүүд мөрөөдөл хэвээр үлдэх эрсдэл байгаа. Тиймээс хөгжил "цэнэглэх" мөнгө олохын тулд хууль эрх зүйн орчны шинэчлэлийг энэ хаврын чуулганаар эхлүүлэх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь мэдэгдсэн.
Бизнесийн орчин дахин шинэчлэгдэж, сайжрахгүй бол бүх төлөвлөгөө нурна. Төрийн хэтийдсэн хүнд суртал арилж, авлигын сүлжээг ялж, тендерийн будилаан, шахаа, шантаажны бизнес цэгцрэхгүй бол, зах зээлийн зарчмаар явахгүй бол "Шинэ сэргэлтийн бодлого" хөгжлийн яриа бус хий хоосон тунхаг болж үлдэнэ. Ирж яваа цагийн эхэнд их хөгжлийн замыг зассан шинэ бодлого дөнгөж л хэрэгжиж эхэлж байна. Сэргэлт авчрах хөгжлийн маршрут л энэ байгаасай гэж найдна. Орон хот руу, орон гэрийнхээ зүг буцаж явна, харьж явна. Хавар болж байгааг хотоос гараад л хамгийн их мэдэрлээ.
Уул тал хэдхэн сарын дараа номин ногоон өнгөнд хувилж, гүүн зэлэн дээр унага татах цаг наашилж л байна даа. Мөрөөдөл төдий сонсогдох хөгжлийн энэ олон төслүүд ирж яваа цаг шиг ингээд нүдэнд харагдаж, гарт баригдах тэрхүү баярт мөч ойрхон байгаасай, мөдхөн ирээсэй... Энэ хүсэл монгол хүн бүрийн хүсэл юм.
Б.Баяртогтох