"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны Гранд Сламын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрбээр эхний даваандаа Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа.
Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгараад байна. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдахаар болоод байна.
Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 00:00 цагт эхлэх бөгөөд хамгийн сүүлийн барилдаанд О.Цэцэнцэнгэл барилдана.