Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулах юм.
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Монгол Улсын Батлан хамгаалах яам нэгдлээ. Батлан хамгаалах яамнаас цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ бол Цэргийн бүртгэл юм. Цэргийн бүртгэлийг бид улс орон даяар цахим хэлбэрээр явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, нээж байна. Өмнө нь цэргийн бүртгэл хэрхэн явагддаг байсныг та бүхэн мэднэ. Тухайлбал, цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэн бүр өөрийн биеэр хороо, сумынхаа тамгын газарт очиж, бүртгүүлдэг байсан бол өнөөдөр “e-Mongolia” системийг гар утас эсвэл суурин компьютероосоо шууд бүртгүүлэх боломжтой болсон. Батлан хамгаалах яам эхний ээлжид цэргийн тоо, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашид Батлан хамгаалахын төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах зэрэг цахимаар авах боломжтой үйлчилгээнүүдийг “e-Mongolia” системд нэгтгэхээр хамтран ажиллаж байна гэлээ.
Цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд 18-55 хүртэлх насны иргэд хамрагдах ёстой. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм байна.