Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг авч чадахгүй гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан удаатай.
Тэгвэл Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сан руу 100 хувь шилжүүлж, дуусчээ. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дээр Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байсан бөгөөд шинэ он гарахад өр, төлбөрийг эцэслэнэ хэмээн хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэж байсан билээ. Ийнхүү хэлсэндээ хүрч, гурван жилийн хугацаанд асуудал дагуулж байсан төлбөрийн асуудлыг цэгцэллээ.
Харин Чингис хаан банк өнөөдрийг хүртэл эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шилжүүлээгүй хэвээр байна. Ерөнхий аудитор Д.Занданбатын хэлснээр тус банкинд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой 130.7 тэрбум төгрөг бий. 2.174 тэрбум төгрөгийн барилга байшин өгсөн хэмээж байсан юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн нэр ил, далд холбогддог Чингис хаан банкнаас даатгалын сангийн хөрөнгийг авч чадах эсэхийг харах л үлдэх шив.
Эх сурвалж:buzznews.mn