Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр түгжрэлийг бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулж,  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:

-Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Төслүүдийн талаар, тэдний хэрэгжих хугацаа, ямар төслүүдээр эхлүүлэх зэргийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн гол тушаа болж байсан зүйл бол эрх зүйн түгжигдмэл байдал. Үүнээс болж Улаанбаатар хотын эдийн засгийн тэлэлт, авах арга хэмжээнүүд төдийлөн оновчтой байгаагүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг сууриар нь залруулах бодлогыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлд нийслэл Улаанбаатар хотын гол хуулийн нэг болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын төсвийн шуудын орлого 420 тэрбум төгрөгийг хотын хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг анх удаа гаргалаа. Тиймээс би Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатар хотын  эдийн засгийн шинэ үүд хаалга нээгдэж, 2022 оны нэгдүгээр сараас нэн шинэ бодлогоор хөгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

Өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд 2022-2024 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэх нийт есөн бүлэг ажлыг танилцуулсан. Үүнд: Нэгдүгээрт, авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Энэ бол түгжрэлийг бууруулах гол төслүүдийн нэг. 420 тэрбум төгрөгийг тухайн жилийн хийгдэх ажлын 28 хувь гэж тооцсон.

Хоёрдугаарт, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд байна. Улаанбаатар хотод газар чөлөөлнө гэдэг хамгийн хүнд асуудлын нэг. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай учир Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил уддаг, хойшилдог. Гадаадын эх үүсвэрээр ажил хийхэд мөн л хойшилдог. Учир нь газар чөлөөлөлтийн асуудал ярвигтай. Хувь хүний өмч, эзэмшилтэй холбогддог. Иймд санхүүгийн эх үүсвэр болох Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын авто замын тогтвортой хөгжил, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 499 нэгж талбар буюу нийт газар чөлөөлөлтийн зардал буюу 169.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Газар чөлөөлөлтийн зардал эх үүсвэрийн 13 хувьтай тэнцэж байгаа.

Гуравдугаарт, хотын түгжрэл ихтэй бүс болох Бага тойрууд төлбөртэй гарааш хийх ажлыг төлөвлөсөн. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь төсөвт өртгийн нэг хувьтай тэнцэж буй.

Дөрөвдүгээрт, авто замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгаа томоохон шалтгааны нэг бол уулзварын нэвтрэх чадамжийн асуудал. Тиймээс уг харилцан адилгүй, тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын 30 байршилд дахин авто замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэж байна.

Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс Улаанбаатар хотод ухаалаг удирдлагын нэгдсэн системийн зохицуулалтыг хийх үүднээс “RFID” системийг үргэлжлүүлж хийхээр төсөлд оруулж ирсэн. Уг системийг хэрэгжүүлснээр автомашиныг бүртгэх, төлбөртэй зогсоолуудад холболтууд хийх зэрэг ажлууд төлөвлөсөн. Энэ төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд явж байгаа төслүүдтэй уялдуулахаар ярьсан. Тиймээс бид энэ төсөлд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож танилцуулсан.

Зургаадугаарт, 2009 оноос хойш Улаанбаатар хотод нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийгээгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 75 хувь гаруй нь стандарт хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг орчин үеийн шийдэл бүхий зорчигч нарт ээлтэй, ая тухтай, эрүүл, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн 500 автобусыг оруулж ирэх зохицуулалт хийж байна. Энэ бол 420 тэрбум төгрөгийн эх үүсвэр дээр хийх төсөл биш, тусдаа хийж буй ажил юм.

Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гэх нэр томьёоллыг анх удаа Засгийн газарт оруулж байна. Энэ нь 60-70 км цагийн хурдтай хот доторх нийтийн тээвэр юм.  Дэлхийн хотуудад гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь хот хооронд явдаг жишиг байна. Ийм шинэ нийтийн тээврийг оруулахаар бэлдэж, энэ ажилд урьдчилгаа болгож, 130 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зохицуулахаар мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Энэ ажил мөн 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрт ороогүй, нэмэлтээр хийх ажлуудын жагсаалтад орсон.

Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зайлшгүй газар чөлөөлөлтөд тавьж, Богдхан төмөр замын трассын ажил амжилттай явна гэж үзээд, нийт 420 тэрбум төгрөгийн хоёр хувьтай тэнцэх эх үүсвэрийг тавьсан.

Хамгийн сүүлд нь, иргэдийн дугуйгаар зорчих боломжийг бид цаашдаа нэмэгдүүлэх ёстой. Явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, туслах үүрэгтэй хороолол дундах авто замыг хөгжүүлэх хүрээнд нийт 242.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тавихаар ажиллаж байна. Энэ нь нийт төсөвт өртгийн 32 хувийг эзэлж байна. Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй чадварлаг, сайн боловсон хүчин хэрэгтэй. Нэгж байгуулахад 4.8 төгрөгийн эх үүсвэрийг тавилаа хэмээн танилцуулав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан