Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ТӨМӨР: АР МОНГОЛЫНХОН БӨХӨӨ ДЭЭДЭЛЖ ЧАДДАГ


БНХАУ-ын Ордос хотноо спортын 12 төрөлтөд олон улсын тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээнд тив, дэлхийн 17 улс оролцож манай бөхчүүд өнгөтэй наадлаа хэмээн өмнө нь бид мэдээлсэн. Энэхүү тэмцээний үеэр Өвөрмонголын үндэсний бөхийн барилдааны 12 удаагийн аварга агуу бөх Б.Төмөртэй ярилцах завшаан тохиосон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Ордос 2”  олон ул­сын тэмцээн ам­жилт­тай зохион бай­гуулагдаж өн­дөрлөлөө. Өрсөлдөгч бөхчүүд хэр өнгө­тэй байна. Та өөрийн­хөөрөө дүг­нэх­гүй юү?
-Шинэ залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. “Ордос 1” тэмцээнд нэлээд доогуур өвдөг шороодож байсан бөхчүүд энэ жил дээгүүр барилдлаа.  Бэлтгэл сургуулилт нь тун сайн байлаа. Миний хувьд дөрвийн даваанд залуу бөх Чинзоригт өвдөг шороодсон. Өнгөрсөн жил Чинзориг нэлээд тааруу барилдсан. Энэ жил бэлтгэл сургуулилт сайн байгаа нь харагдаж байна билээ.

-Таныг гэмтэлтэй ба­рилд­сан гэж сонссон. Үнэн үү?
-2010 онд хөлөндөө мэс засал хийлгэсэн юм. Тэрнээс хойш жаахан өвдөж зовоогоод л байна. Бөхөд дуртайдаа л өдий хүртлээ барилдаж байна.

-Монгол Улсын бөх­чүүд энэ наадамд оролцсон. Бас л хүч­тэй өрсөлдөгчийн тоонд багтах шиг бол­лоо? / Улсын заан М.Өсөхбаяр, айм­гийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн заан М.Эрдэнэсайхан, Батзориг нар/
-Тийм ээ. Оролцохоосоо илүүтэй  энэхүү наадмыг уран барилдаанаараа чимж байна. Манай ард түмэн бөхийн спортод дуртай. Тиймдээ ч ар Монголын хүчтэнүүдийг хүндэлж явдаг. Энэ тэмцээний багийн барилдаанд тун ч сайн барилдсан. Харин ганцаарчилсан буюу хувийн барилдаанд Өсөхбаяр заан жаахан тааруу барилдчихлаа. Уг нь, бэлтгэл сургуулилт сайн байгаа нь анзаарагдсан. Сүүлийн гурван жил Өсөхөө заан цол ахихгүй байна. Энэ нь, бэлтгэлтэй нь л холбоотой байх. 2007, 2008 онд үнэхээр ид хаваа гайхуулж байсан мундаг бөх. Тэр үе шигээ л сайн байвал ямар ч тэмцээнд төвөггүй түрүүлнэ.

-Аймгийн хурц арс­лан Б.Одгэрэлийн хувьд тун өнгөлөг наадлаа?
-Одгэрэл сайн залуу. Бяртай ч бөх. Ирэх жил улсын цолд хүрчих байх шүү.

-Таны тухай өмнө нь их сонсч байлаа. Ма­найхаар Б.Бат-Эрдэнэ аваргын дай­тай бөх гээд л. Өвөр­монголын 12 удаа­гийн аварга бо­лох тийм ч амар байгаагүй болов уу?
-Бүх Хятадын аварга бол 20 гаруй удаа болсон. Өвөрмонголын 12 удаагийн аварга. Бөхийн спортод 1987 оноос хөл тавьсан. Тухайн ондоо нутгийнхаа жижиг наадамд түрүүлж байлаа. Тэр цагаас хойш буюу хоёр жилийн дараа бөхийн бэлтгэлийг Баатар багшийн удирдлага дор тасралтгүй хийж эхэлсэн.  20 насандаа л бөхийн спортод хөл тавьж байсан санагддаг юм. Ингэж явсаар  Эрдэнэбаяр багшийн удирдлага дор  барилдаж эхэлсэн. Миний өдий наслахдаа гаргасан амжилтууд хоёр багшийн минь ач буянтай холбоотой.

-Танд бөхийн удам бий юү?
-Бий, бий. Манай ах нар маш сайн барилддаг. Бөхтэй газрын хүмүүс ондоо л доо. Тэр ч утгаараа бөхийн спортод хорхойсч, өдий хүртэл барилдаад явж байна даа.

-Ард түмнийхээ итгэ­лийг дааж амьдрах гэдэг хэцүү хэмээдэг. Олон жил аварга нэрээ хадгалж явах, барилдаанд тогтмол дээгүүр барилдахын тулд их хөдөлмөр, бэлтгэл сургуулилт шаарддаг байх?
-Цол дагаж бяр гэдэг дээ. Хөлс, хүчээ зориулан байж олж авсан тэр сайхан хүндэтгэлээ сэвтээхгүй авч явах нь миний үүрэг. Адаглаад доогуур өвдөг шороодвол ард түмэн хүлээн зөвшөөрч чадахаа больдог. Барилдаандаа сэтгэл хангалуун явах олон өдөр байхад тааруухан барилдаад шаналах өдөр бишгүй л байдаг юм.

-Өвөрмонголын бө­хийн барилдааныг ажиг­лаад байхад ихэвчлэн оноолтоор таа­­рах юм. Энэ нь хүндрэлтэй байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Ар Мон­голын хүчтэнүүд ихэвчлэн эрэмбээрээ ам авч барилддаг. Гэтэл манайх эсрэгээрээ. Нэгийн даваанд хоёр аварга нь ч барилдаж байх жишээний. Энэ нь жаахан хүндрэлтэй. Гэхдээ үүнийгээ дагаад бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа ч тун сайн хийдэг. 

-2000 оноос бөхийн клуб хичээллүүлж гарын сайн шавь бэлтгэж байгаа гэсэн?
-Эртнээс л гарын сайн шавьтай болохыг боддог бай­лаа. 10 гаруй жил хүүхдүүдэд бөхийн спортын тухай хичээл зааж, сургасан. Одоо нэлээд хэдэн шавьтай болсон. Тэдний амжилт нь ч гэсэн одооноос л  харагдаж  эхэлж байна.

-Манай бөхчүүд цол нэмэхийн хэ­рээр ахуй амьдрал нь ч гэсэн дагаад дээшилдэг. Өвөр­монголын бөхчүүд хэр хангамж сайтай вэ. Таны хувьд амьд­ралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-БНХАУ-ын шигшээ багийн тамирчин болоод явбал цалин хангамж өндөртэй. Өвөрмонголын үндэсний бөхөөр барилдаад цол нэмлээ гэхэд цалинжуулаад харж хандаад байх компани байдаггүй. Өөрсдийнхөөрөө л амьдралаа авч явдаг. Харин ар Монголынхон бөхөө дээдэлдэг ард түмэн юм шиг санагддаг. Тиймдээ ч үндэсний бөхчүүд нь цалин хангамж өндөр, хангалуун амьдардаг байх.

-Гэхдээ л танд бөхийн буян ирсэн байлгүй дээ?
-/Инээв/ Тийм ээ. Хүнээс дутахгүй унах унаатай, идэх хоолтой сайхан л амьдарч байна.

-Таныг  жил бүр ма­най улсад ирж ба­рилддаг гэж сонссон?
-Халх Монголын бөхчүү­дийг  сайн мэднэ. Хамгийн анх 2006 онд очиж бэлтгэл хийж байлаа. Архангайн Өсөхбаяр аварга, дараа нь “Хөвсгөлийн хүчтэ­нүү­д” дэвжээний бөх­чүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байсан.

-Үндэсний бөхөөр ба­рилдах хэр хүнд­рэлтэй вэ. Бэлтгэл хийгээд хэр  амархан дасдаг вэ?
-Хэцүү. Хөлд явах гээд л бидний барилдаанаас тэс өөр санагддаг.

-Багаасаа хичээллэсэн бол хэр амжилттай явах байсан гэж боддог вэ?
-Харин энэ чинь өөр асуудал шүү. Мэдээж хэрэг, бага, залуу наснаасаа танай бөхийн спортоор хичээллэсэн бол гайгүй амжилт үзүүлэх байсан ч байж болох юм. Нэгэнт  өөрийнхөө зам мөрөөр явснаас хойш тэгэх, ингэх байсан гэж ярих нь утгагүй. Гэхдээ ар Монголын үндэсний бөхөөр барилдсан бол нэг зүйлд л үнэхээр сэтгэл хангалуун байх байсан.

-Юу юм бэ?
-Хүндлэл. Монголын ард түмэн үнэхээр бөхчүүдээ дээ­дэлж хүндэлж чаддаг юм билээ.

-Танайд бөхчүүдээ хүн­дэлдэггүй хэрэг үү?
-Үгүй ээ. Гэхдээ танайхан шиг айхтар бөхчүүдээ дэмжээд, хүндлээд байдаггүй. Энэ тал дээр ар Монголынхон арай илүү.

-Таныг хараад бай­хад их шүтлэгтэй санагдсан?
-Тийм ээ. Үндэсний соёлоо дээдлэхийг чухалчилдаг. Тийм­дээ ч маш их шүтлэгтэй байдаг байх. Манай Өвөрмонголын  үндэсний өв соёлоо хамгийн ихээр дээдэлдэг хүмүүс нь үндэсний бөхчүүд. 

-Их спортын талаар ямар бодолтой явдаг вэ. Магадгүй та жү­до, чөлөөт бөхийн төр­лөөр хичээллэж байв уу?
-Дэлхийн бөхөөр барилдаж явсангүй ээ. Гэхдээ надад таалагддаг. Сайхан спорт.

-Гэр бүлээ танилцуулаач?
-Ах нь нэг хүүтэй. Одоогоор эхнэртэйгээ нутагтаа амьдарч байна. Миний хүү  13 настай. Танай улсад сурч байгаа.

-Аль сургуульд сурдаг юм бэ?
-“Их засаг”  их сургуулийн лицейд сурдаг.

-Аавыгаа дагасан бөх болох уу?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна.  Хичээлийнхээ дараа жү­до, сагсан бөмбөгийн клубт хичээллэж байгаа гэсэн.

-Ер нь, та ямар мэр­гэжилтэй хүн бэ. Манай бөхчүүд мэргэжилдээ их анхаардаг л даа?
-/Инээв/ Тийм юм байхгүй ээ. Өөрийгөө бөхөд л бүрэн зориулсан хүн. Харин одоо нэг л мөрөөдөл бий.

-Нууц биш бол мө­рөөдлөөсөө хуваал­цахгүй юу?
-Шавь нараа өндөр амжилт гаргахыг нь хүлээдэг. Түүний төлөө өөртөө байгаа бүх зүйлээ зориулах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан