Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног баяр хөөр, бухимдал гээд олон зүйлийг ар араасаа дагуулж өнгөрлөө. Гурван сарын хугацаанд нам гүмхэн байсан сургууль, цэцэрлэгүүд дуу шуугиан, цэцгээр бялхаж, найзуудтайгаа уулзсан багачууд л баярлаад өнгөрсөн болохоос биш эцэг, эхчүүдийнх нь хувьд эсрэгээрээ.
Учир нь, халаасны мөнгөө шавхан авч өгсөн сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь хэнд ч хэрэггүй, гологдсон болохоор тэр. Анх хүүхдүүдээ бүртгэж авснаас хойш бүх л зүйлийг мөнгө болгож харах болсон цэцэрлэгийн багш нар нь тийм үнэтэй, ийм брэндийн дэвтэр ном, харандаа, усан будаг авчир гээд лүндэн буулгачихсан болохоор арга ч үгүй юм уу даа. “Нэгэнт бэлтгэчихсэн юм чинь энэ жилдээ хэрэглүүлчихье” гэж хэлэх зүрх, зоригтой эцэг, эх гарч ирэхгүй учир буруу харж уйлж, зөв харж инээхээс өөр яалтай ч билээ.
Гэвч “Мөнгөгүй байсан маань оносон байна. Хэн нэгнээс мөнгө зээлээд бэлтгэсэн байсан бол балрахгүй юу” гээд баярлаж суусан эцэг, эхчүүд эхнээсээ бухимдаж эхэлжээ. Учир нь, өнөөх нэхээд буй зүйлүүдийг нь бэлтгэхийн тулд багадаа 250-300 мянган төгрөг шаардагдаж буй гэнэ. Бас болоогүй зарим цэцэрлэг самнаас нь авахуулаад ор хөнжлийн даавуугаар нь ижилсүүлнэ гэсэн шаардлага тавьж буйд дургүйцэх эцэг, эх ч олон байна.
Үнэндээ том хүний орны цагаан хэрэглэл чанараасаа шалтгаалаад 15-25 мянган төгрөгийн үнэтэй байхад тэр жаахан амьтдынх яахаараа 15 мянга байдаг билээ гэж эргэлзмээр. Тэгээд ч “Даавуу нь бэлэн байгаа шүү. Та 15 мянган төгрөг төлөхөд л хангалттай” гээд инээмсэглэж буй эрхлэгчийн бизнес биш гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Нэг талаараа эмх цэгцтэй байлгах гэсэн санаа нь гэж тэднийг зөвтгөж болох ч эцэг, эхчүүдтэйгээ ярилцаж тохиролцолгүй дур мэдэн шийдвэр гаргачихаад мөнгө нэхэж буй нь халаасаа зузаатгах гэсэн арга хэмээн буруутгаж бас болно. Харамсалтай нь, хэт ахадсан үнэтэй зүйл нэхдэг, хүүхдүүдийнхээ аж амьдралыг мэдрэхгүй байна гэж ирээд уурсч буй эцэг, эх захаасаа авахуулаад олон байгаа ч хүүхдээ цэцэрлэггүй үлдчих вий гэж айсандаа багш нарынхан ийн хэлсэн үг, өгүүлбэр бүрийг нь ёсчлон дагах болж. Тэгсэн хэрнээ өөр хоорондоо багш нарын шуналтайг гайхаж ярьцгаана. Харин цэцэрлэгийн эрхлэгч, багш нар нь алтан загасны эмгэн шиг аашилж, аяглаж буй нь хүмүүсийн амьжиргаа ямархуу янзтайг олж харахыг ч хүсэхгүй байгаатай холбоотой байж мэднэ. Ямартай ч, улсын гэх тодотголтой цэцэрлэгүүдэд ямар амьдралтай айлын хүүхдүүд явдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг хэрнээ ийнхүү дур зоргоороо авирлаж байгаад гайхах хүн цаана чинь олон байна.
Мөн сүүлийн үед сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалтад багтаагүй янз бүрийн зүйлийг цэцэрлэгүүд нэхэж байна гэдэг гомдол тасрахаа больж. Уг нь, өнгөрсөн зургадугаар сард БСШУ-ы сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн, 21 аймаг, нийслэлийн цэцэрлэгийн багш, арга зүйч, БСГ-ын мэргэжилтнүүдэд хүргүүлсэн гэдэг. Тухайн үед энэхүү жагсаалтдаа тосон харандаа, харандаа үзүүрлэгчийг нэмж, дэвтэр, скоч зэргийг хассан талаараа хүртэл мэдэгдэж байсан билээ. Үүнийгээ цэцэрлэгийн багш нар жил бүр энэ хэрэглэгдэхүүнийг авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, ороогүй зүйлийг нэхэх, эцэг эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөө бүхий хэрэглэгдэхүүн өгдөгтэй холбон тайлбарласан. Гэвч энэ жил уг жагсаалтыг нь шинэчлэн баталчихсан болохоор асуудал үүсэхгүй нь гэж бодож байтал бас үгүй юм аа.
Багш нар нь элдвийг нэхэж, эцэг, эхчүүд гомдол мэдүүлдэг хэвээрээ. Үүнийг баримт болгож Баянзүрх дүүрэгт харьяалагддаг 61 дүгээр цэцэрлэгийн эцэг эхээс нэхэж буй зүйлийг нь салбарын яамнаас зургадугаар сард гаргасан жагсаалттай нь харьцуулан хүргэж байна. Хэдийгээр тэс хөндлөн огт хамааралгүй зүйл нэхээгүй ч үнэтэй болгоныг нэр зааж оруулсан нь эцэг, эхчүүдэд дарамт болж байна. Наад зах нь дөрвөн ширхэг safeguard гарын шингэн савангийн авахад л 14 мянган төгрөг болчихож байгаа юм. Үнэндээ тус цэцэрлэгээс гаргасан энэхүү жагсаалтад орсон болгоныг нь авахад 200 мянган төгрөг хэрэгтэй болж байна. Тэгэхээр өмнө нь 100 мянган төгрөг зарцуулан байж сургалтын хэрэглэгдэхүүнийг нь бэлтгэчихсэн эцэг, эхэд дахин 200 мянган төгрөг зарцуулна гэдэг тийм ч амар биш. Сургууль соёлд явдаг олон хүүхэдтэй айлд бүр ч хүнд тусах нь мэдээж. Өнөөдөр өрнөөс өрийн хооронд бор хоногоо арай ядан өнгөрөөж буй эцэг, эх олон бий. Тэгэхээр цэцэрлэгийн эрхлэгч, багш нар үүнийг бас бодолцож үзээсэй.
Ер нь, улсын төсвөөс хамгийн их хувийг нь зарцуулдаг боловсролын салбар яахаараа ч хүүхэддээ цөөдөөд байдаг хэдхэн цэцэрлэгийнхээ төсөвт зардлыг даахаа больчихсон эцэг эхчүүдээс нь авч байдаг билээ. Төр маань тэгээд ердөө л хэдэн багшийг нь цалинжуулж, байрных нь халаалтын мөнгийг төлж, хоолыг нь даагаад болоо юу. Нөгөө талаас нь үзэхэд тав, зургаан настай хүүхэд ч яахав 12 өнгийн будгийн харандааг бүрэн ашиглаад, жилдээ дөрвөн шингэн савангаар гараа угаачихдаг байх. Гэтэл өнөөдөр дөнгөж хоёр настай хүүхэд энэ бүхнийг жилийн туршид хэрэглэж чадна гэхэд хүн үнэмших үү. Чухам үнэндээ сар, улиралд нь биш нэг дор бөөндөөд авч байгаа энэ хэрэглэгдэхүүнээр цэцэрлэгийн захирал, багш нар, ажилчид тансаглаж нэгэн жилийг өнгөрөөдөг гэхэд нэг их ташаа болохгүй биз ээ.
ЕБС-ийн захирлууд сурагчийн дүрэмт хувцсаар бизнес хийдэг нь одоо хүрээгээ тэлж цэцэрлэгийн эрхлэгчид сайдын жагсаалттай сургалтын хэрэглэгдэхүүн авах нэрээр “жигдрүүлнэ, чанартай зүйл авна” хэмээн бизнес хийдэг болж дээ.