Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган”-ыг нээж хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” хэмээн заасан байдаг.

Энэ заалтын хүрээнд өнөөдрийн энэ чуулганыг санаачлан зохион байгуулж байна.

Монголчууд бид хууль цаазын өнө эртний уламжлалтай, эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэ эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт тэмцэж, хамгаалж ирсэн түүхтэй.

Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг жамтай. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна.

Энэ удаагийн үндэсний чуулганыг “Шударга ёс, Хүний эрх, Хуулийн засаглал”  нэрийн дор зохион байгуулж байна.

Ард иргэд, олон нийтийн зүгээс хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж, шүүх эрх мэдэлд итгэх итгэл алдарч байгаа талаар олонтоо ярьж, бичдэг боллоо.

Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог хуульчид өөрсдөө хуулиа зөрчин, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс шаардаж байна.

Нийгэмд шударга ёс тогтоох эрхэм үүрэгтэй шүүгч, прокурор, хууль сахиулагчид Та бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чандлан сахиж байж сая нийгэмд шударга ёс тогтоох тухай асуудал яригдана.

Ийм учраас хууль дээдлэх ёс, хуульчийн ёс зүй бол Та бүхний баримтлах ёстой хамгийн гол үнэт зүйл, зарчим мөн.

Та бүхнээс шударга ёс юуг нэхдэг вэ? гэвэл шударга зан төлөв, шударга үйл хэрэг, шударга үйлдэлийг нэхдэг. Хамгийн гол нь шударга ёс гэдэг нь үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл гэдгийг ойлгох учиртай.

Хуулийн байгууллага, түүний алба хаагчид эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцсан ажилдаа чин шударгаар хандан, хичээн зүтгэж чадах аваас ард түмнийхээ хүндэтгэл хайрыг хүлээж, итгэл, дэмжлэгийг авах болно.

Хуулийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний хязгаарыг давж үл болох бөгөөд хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гол үүрэгтэй.

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө “хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж ард түмэндээ хандаж хэлснийг та бүхэн мэдэж байгаа.

“Хүн биш хууль засаглана” гэдэг бол гагцхүү Үндсэн хууль болон бусад хуульд захирагдан, хуулийн гажуудал гаргахгүй, төрийн хуулийг чанд сахин мөрдөж ажиллана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл хичнээн сайн хууль гаргасан ч хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтний сонирхол, хүсэл даалгаварт нийцүүлж эхэлбээс өнгөндөө хуулийн засаглал мэт боловч ачир дээрээ хүн засагласан хэвээр байгаатай агаар нэг юм.

Цаашид бид нийгэмд шударга ёс тогтоож, хүний эрхийг хангаж, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг бүрэн хийж дуусгахад дараах зүйлд анхаарах хэрэгтэй.

НэгдүгээртХуульчийн гол баримтлах үнэт зүйл бол мэргэжлийн ёс зүй, сахилга хариуцлага байх ёстой.

Өнөөдөр Монгол Улсад шударга ёсны манаанд 519 шүүгч, 564 прокурор, 15 мянга гаруй хууль сахиулах алба хаагч ажиллаж байна.

Өөрийн болон ойр дотны хүн, танил талынхаа ашиг сонирхлыг улс үндэстнийхээ эрх ашгаас дээгүүр тавьж, хувийн өчүүхэн эрх ашгийн үүднээс өргөсөн тангаргаасаа няцаж, хууль ёсыг уландаа гишгэхээс эмээдэггүй, ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй, хувийн сонирхолдоо автсан этгээдүүд өнөөдөр ч хуулийн байгууллагад ажилласаар байгаа нь нууц биш ээ.

Үүнд ард түмэн бухимдан зэвүүцэж байна.

Энэ нь эх орон, ард түмнийхээ төлөө чин шударгаар ажиллаж байгаа хуулийн байгууллагын алба хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүндэд сэв суулгаж, нийт хууль, шүүхийн байгууллагын нэр хүндийг гутаан харлуулж буйд туйлаас харамсаж байна.

Энэ нь цаашид хуулийн байгууллагуудын хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах, хуульчийн ёс зүйн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай болсныг харуулж байна.

Байгууллага бүр ажилтан нэг бүрийнхээ хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаад дүн шинжилгээ хийж,  үнэлэлт дүгнэлт өгөн, алдаа дутагдлаа засах явдал чухал байна. Үүнд:

1/ Ёс зүй, хандлага, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшин ямар байгаа болох;

2/ Өргөсөн тангаргаа сахин мөрдөж чадаж байгаа эсэх;

3/ Цаашид итгэл хүлээлгэх боломжтой эсэх зэргийг бодитой үнэлж, тухайн хүн ажил, мэргэжилдээ тэнцэж байгаа эсэхийг тодорхойлон, хуульчийн ёс зүй, сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлагатай байна.

Хууль зүйн салбарын боловсон хүчин бэлтгэдэг шат шатны боловсролын тогтолцоонд онцгой анхаарч, хуульч болохоор зорьж буй хүнд хууль, эрх зүйн мэдлэг боловсрол олгохын зэрэгцээ шударга ёс, мэргэжлийн ёс зүй, хүний мөс чанар хэмээх үнэт зүйлийг сэтгэл зүрхэнд нь ягштал суулгах нь чухал байна.

Хуульч хүн эхлээд өөрөө ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг үзэл санаатай болж төлөвших ёстой. Үүний дараа хүний хувь заяаны асуудлыг шийдэх учиртай.

Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой.

Хоёрдугаарт: Хууль хүн бүрт тэгш, алагчлалгүй үйлчлэх ёстой.

Бид Үндсэн хуулиндаа “Хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй бөгөөд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж  тунхагласан. Гэвч эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтөн, арга зальтан бусдаас давуу эрх эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх зэрэг тэгш бус байдал одоог хүртэл оршсоор байна.

Хууль, шүүхийн байгууллагын алба хаагч та бүхний ажил бол гэмт хэргийг түргэн шуурхай, бүрэн илрүүлэх, шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэх ёстой. Гэтэл  амьдрал дээр хэрэг шийдвэрлэгдэхгүй, шүүх хурал олон сар, жилээр хойшилдог, хэргийг удаа дараа буцаадаг байдал газар авсаар байгаа нь ард иргэдийг бухимдуулж, шүүмжлэл дагуулсаар байна.

Дээрх байдал нь та бүхний хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод чинь хэрхэн нийцэж буй талаар нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг болжээ.

Энэ удааширсан, иргэдийг залхаасан байдал нь ард иргэдийг хохироогоод зогсохгүй, эцэстээ хууль шүүхэд итгэх олон түмний итгэл хөсөрдөхөд хүргэж байна.

Нэг талаас энэ нь гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завших боломж, нөгөө талаас гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгохоор зорьж буй иргэнд нэг ёсны эрүү шүүлт ч болж байна.

Мөн түүнчлэн удаан хугацаанд, тодорхой саад, бэрхшээлийг даван туулж, шалган тогтоосон хэрэг шийдвэрлэгдэхгүй байх нь мөрдөх байгууллага, шүүх, прокурорын байгууллагын ажлыг үр дүнгүй болгож байна.

Аливаа гэмт хэрэгт ял шийтгэл гарцаагүй байх, шийтгэл нь гаргасан үйлдэлтэй нь тэнцүү байх эрх зүйн зарчим үйлчлэх учиртай.

Хууль, шүүх хүн бүрт эрх тэгш байх ёстой.

Монгол төрийг сул дорой, хүч чадалгүй, авлигад идэгдсэн төр байгаасай гэж хүсдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл газар нутгийг нь, өмч хөрөнгийг нь, үйлдвэрийг нь, байгалийн баялгийг нь үнэгүйдүүлэн хулгайлж болох юм байна гэж боддог хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй.

Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төрИйм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно.

Та бүхэн улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх  ашгаас хэзээ ч урваж болохгүй. Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг Төрийн тэргүүний хувьд сануулан хэлье.

Түүнчлэн хууль, шүүхийн байгууллага үндэсний эрх ашгийг хуулийн хүрээнд тууштай хамгаалж, төрд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар нэгдмэл ойлголттой байх ёстой.

Нэн ялангуяа эх дэлхий, байгаль орчин, ард иргэдийн аюулгүй амьдралд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр санаачлагатай ажиллах шаардлагатай байна.

Мөн түүнчлэн үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд хохирол учруулахуйц эмх замбараагүй байдлыг дэвэргэх гэсэн сонирхол бүхий этгээдүүд  хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, улс төржүүлэх, хууль сахиулагчдын нийтийн эрх ашгийн төлөө тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хууль зөрчин танхайрах, дураар авирлах зэрэг балмад үйлдэл гарах боллоо.

Энэ бүхэнтэй хуулийн байгууллагууд хууль, журмын хүрээнд хатуу тэмцэх ёстой.

“Төр төмөр нүүртэй” гэж манай ард түмэн ярьдаг. Төрийн хууль зөрчсөн хэнбугай ч хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.

Үүнийг ч ард түмэн та бүхнээс шаардаж байна.

Гуравдугаарт: Хууль, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээж, хуулийн байгууллагын шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлагатай байна.

Хуулиар хориглоогүй гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар олон нийтэд мэдээлэх ажил хангалтгүй байна. Үүнээс шалтгаалан хуулийн байгууллагуудын гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд ард иргэд эргэлзэх, “хууль, шүүхийн байгууллага ард иргэддээ хаалттай, ил тод, нээлттэй биш байна” гэсэн шүүмжлэл гардаг.

Иймээс гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн  талаар цаг алдалгүй үнэн бодит мэдээллийг өгч, амин харилцаатай байх нь иргэд, олон нийт, хуулийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцолд чухал үүрэгтэй.

Иймээс хуульчдын зарим нэг уламжлалт хандлага, ажлын арга барилыг өөрчлөх, ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн үнэт зүйл, шаардлага, зарчимд нийцүүлэн оюун санаа, сэтгэлгээний өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, улмаар шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор 2021 онд Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг батлан гаргасан.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлснээр шүүхийн шинэтгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүллээ. Энэ шинэтгэлийг бүрэн хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хийх шаардлагатай байна.

Энэ нь прокурор, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлээр үргэлжлэх учиртай.

Прокурор, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагаа гагцхүү хуульд нийцэж байж шүүхийн шинэтгэлийн үр дүнг бид үзнэ. Хуулийн байгууллага төрийн нэрийн өмнөөс иргэнээ хамгаалдаг, гэмтэнд цээрлэл үзүүлдэг байх ёстой.

Энэ хүрээнд процессын шударга ёс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн шинэтгэлийг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хийх хэрэгтэй байна.

Өнгөрсөн 30 жилд бид хуульч бэлтгэх тогтолцоо, хуульчдын оюун санаа, сэтгэлгээг хөгжүүлэх бодлогод бага анхаарч иржээ.

Иймд тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ шилдэг, мэргэшсэн, ёс зүйтэй хуульчдыг бэлтгэн гаргаснаар шүүхийн шинэтгэл нэг мөр хийгдэнэ.

Түүнчлэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд нийгмийг эрх зүйн боловсролоор соён гэгээрүүлэх, ард иргэдээ ёс зүйтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, хуулиа дээдэлж, сахин биелүүлдэг болгон төлөвшүүлэхэд Та бүхний үүрэг, манлайлал чухал гэдгийг цохон тэмдэглэе.

Нийгэмд шударга ёс тогтоох амаргүй бөгөөд хариуцлагатай албанд та бүхэн хамтдаа зүтгэж байгаа. Та бүхний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хууль дээдлэх зарчим дээр Монгол төр оршин тогтнодог.

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын ажил мэргэжлийн хүнд хэцүү, амаргүйг манай ард түмэн бас ойлгон мэдэрдэг.

Та бүхэн эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэндээ умартан,  цаг наргүй, нойр, хоолгүй зүтгэдэг.

Бид цэрэг эрсээ ард түмнийхээ энхийн манаанд зогсож байгаа хэмээн хүндлэн дээдэлдэг. Тэгвэл Та бүхэн ард түмнийхээ шударга ёсны манаанд нүд цавчилгүй зогсож буй дайчид юм шүү.

Хууль дээдэлж, шударгаар ажиллаж буй Та бүхнийгээ Монгол төрийн тэргүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжих болно.

Та бүхний ажил, амьдралын хэвийн нөхцөлийг хангахуйц нийгэм, эдийн засгийн баталгааг бий болгох, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын материаллаг бааз, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, аливаа хууль бус нөлөөлөл, оролдлогоос хамгаалах зэрэг олон асуудалд анхаарч, хамтран ажиллах болно гэдгээ хэлье.

Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмэн гэдгийг үргэлж санаж яваарай.

Шударга бусын шуурга исгэрч, халуун зүрхийг тань хайрсан ч зөвхөн шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан