Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль нь зөвхөн хохирогчийн эрх ашгийг сэргээх, гэм буруутай этгээдэд ял оногдуулах процессийг зохицуулсан хууль биш юм. Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхээс гэм буруутайд тооцогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмын хүрээнд Эрүүгийн процесс ажиллагаа талуудын эрх ашгийг жигд хангаж, хэнийг ч урьдчилан гэм буруутайд тооцон нэг талыг баримтлан ажиллах ёсгүй юм.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, гэрч шинжээч оролцуулах, прокурорын яллах дүгнэлт үйлдэх, шүүхд шилжүүлэх, шүүх хянан шалгаад шүүх хуралдааныг мэтгэлцээний зарчимд тулгуурлан явуулах зэрэг бүхий л үйл ажиллагааны явцад хэн нь ч хохирогч, хэн нь ч гэмт хэрэгтэн болоогүй байдаг үе. Түүнийг зөвхөн шүүхээс энэ бүх ажиллагааны төгсгөлд тогтооно.
Тийм учраас ухрах замгүй шүүхээр тасладаг байдлыг зогсоож, анхан шатны шүүх дээрээс хэргийг буцаадаг тогтолцоог бий болгохгүй бол прокурор тухайн хэргийг нотлох баримт дутуу, эсвэл гэм буруу нотлогдохгүй байсан ч заавал шүүх рүү шилжүүлж, шүүхээс магадгүй ялын сонгох санкцийн интервал өндөр байгаа өнөөгийн хуулинд хүний амьдралыг ухрах замгүйгээр шийддэг байдал бий болох вий гэдэг болгоомжлол байсаар байна. Тиймээс анхан шатны шүүх дээрээс хэргийг буцаадаг, прокурор өөрөө хэргийг хаадаг боломж бололцоог нээх шаардлагатай байна.