Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-д аравдугаар сарын 11-14-ний хооронд томилолтоор ажиллаж байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, цөлжилттэй тэмцэх талаар санал солилцож, коронавируст цар тахалтай тэмцэх, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Элчин сайд Т.Бадрал Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэйг онцолж, ӨМӨЗО-д хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны голлох боомтууд байрладаг, мөн хоёр талын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чухал бүс нутаг бөгөөд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломжтой чухал талбар гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хиллэж буй боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах, тусгаарлалт хяналтын арга хэмжээг чанд баримталж буй нь хятадын талд коронавируст халдвар хил дамнан тархахаас сэргийлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд үр өгөөжтэйг илэрхийлэв.
ӨМӨЗО-ы зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд хоёр талын хилийн боомтод халдварт цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь боомтын хэвийн ажиллагааг хангах, улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болохыг ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян онцлов. Мөн одоогоор хятадын талаас боомтод хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын хэмжээнд мөрдөж буй бодлогын хүрээнд тогтоосон шаардлага бөгөөд цаашид хоёр тал энэхүү чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох мэдээллийг шуурхай харилцан солилцож байх нь зүйтэй хэмээн илэрхийлэв.
Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-нд томилолтоор ажиллах үеэр Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ боомтуудын үйл ажиллагаатай танилцаж, боомтын удирдлагуудтай уулзалт хийнэ.
Эх сурвалж:ГХЯ