Дэлхийн 729 их, дээд сургуулийг рейтингээр нь жагсаахад ОХУ-ын Ломоносовын нэрэмжит их сургууль 116 дугаарт жагссан байна. Манай гарагийн хамгийн сайн сургуулиар АНУ-ын Массачусетийн технологийн дээд сургууль шалгарч эхний байранд орсон бол хэдэн жил дараалан нэгд орж байсан Кембрижийн их сургууль хоёрт оржээ. Гуравт Харвардын их сургууль орсон байна. Эдний дараагаар Лондоны их сургуулийн коллеж, Оксфорд, Их Британийн хатан хааны коллеж, Йелийн их сургууль, Чикагогийн их сургууль, Принстон, Калифонийн технологийн их сургууль дараалан орсон байна. Манай умард хөршийн сургуулиудаас Санкт-Петербургийн их сургууль 253-т, Бауманы нэрэмжит техникийн их сургууль 352, Олон улсын харилцааны их сургууль 367, эдийн засгийн дээд сургууль 542-т жагсчээ. Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургууль 768-д орсон байна.
Дээрх сургуулиудыг академик сургалт, төгсөгчдийн ажлын байр, оюутан, багш нарын тоо, гадаадын их дээд сургуулиудтай харилцаа холбоо зэрэг хэмжүүрээр шалгаруулсан байна. Энэ үнэлгээг олон улсын нэр хүндтэй 46 мянган академич, 25 мянган ажил олгогч өгчээ.