Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “Цагдаа”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад хамрагдсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид болон Дотоод хэргийн их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн иргэдэд “Мэргэжлийн үнэмлэх” гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /2021.09.27/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Дотоодын цэргийн штабын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг болон бусад албаны хүмүүс, алба хаагчид, суралцагчид оролцсон юм.
Дээрх сургалт нь энэ оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 224 цагийн багц сургалтыг цагдаа, дотоодын цэргийн сургагч багш нар удирдан явууллаа.
Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хааж буй алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах боломжтойгоороо онцлог билээ.