УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр өнөөдөр (2021.09.24) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав.
Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсын стратегийн түнш, оюун санааны хөрш мөн гэдгийг Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд дурдаад, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо.
Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ.
Мөн талууд хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Хоёр улсын боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнөж байна. Тухайлбал, БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэн. Цаашид Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн юм.
Үргэлжлүүлэн талууд бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар болон батлан хамгаалах, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, саналаа солилцлоо.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс