УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 300 гаруй мянган хүн халдвар авч, 1,000 гаруй хүн нас барлаа. Монгол Улс тэр чигтээ бензингүй болсон ийм үед гадуур зугаалах эрх байхгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй. Асуудал үүссэн ч шийддэг байсан.
Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээх шаардлагыг хүргүүлнэ. МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн сонгууль, уул овоо тахих нэрийдлээр эрх баригчид халдварыг ихэсгэсэн. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс төрийн гурван өндөрлөг уучлалт гуйх ёстой. Эрх баригчдаас хариуцлага нэхсэн байдлаар бид ажиллана" гэв.
УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Эрх баригчид ард иргэдийг туйлдуулж байна. Одоо боллоо. "Одоо боллоо" уриатайгаар ирэх сарын 1-нд төв талбайд цуглана.
Ардчилсан намын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.
- Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
- ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
- Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
- Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.