ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хамгийн эхэнд Шадар сайд халдварын нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК, эрүүл мэндийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах чиглэл өгсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал хандуулахыг даалгалаа.
Түүнчлэн үе шаттай маш сайн судалгаанд үндэслээд үйл ажиллагаануудаа нээхийг үүрэг болголоо.
Сүүлийн хэдэн өдөр ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэл зөрсөн. Энэ хоёр байгууллага уулзаад ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомт дахь асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, тус боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо" гэв