Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БҮРЭН ЦАХИМЖСАН

  Төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтыг шинэ цахим системээр зохион байгуулах яам, агентлагийн 27 салбар зөвлөлийн 95 албан хаагч хамрагдсан шуурхай зөвлөгөөн хийлээ.

         Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд ерөнхий шалгалтыг 100 хувь технологи ашиглаж, цахимаар хүнд сурталгүй, шуурхай, хүний нөлөөгүй зохион байгуулдаг болсон юм.

Ковидын халдвараас шалтгаалж, Улсын Онцгой комиссын шийдвэрээр түр хойшлогдоод байсан төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтыг ерөнхий шалгалтын платформ дээр суурилан шинэчилсэн цахим системээр  авахаар бэлтгэл ажлыг хангажээ. Төрийн албаны зөвлөл салбар зөвлөлийн гишүүдийг арга зүйн зөвлөмжөөр хангаж, шалгалтын талаар зөвлөлдлөө.

        Энэ үеэр оролцогчид төрийн албаны шинэтгэлтэй уялдуулан хийж байгаа дараах ажлуудын талаар мэдээлэл солилцсон юм.

-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэх Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тухай хууль, Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслүүдэд санал өгөх ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөл байгуулж, УИХ-ын байнгын хороодтой хамтран ажиллаж байна.  

-Мөн Ерөнхий сайдын тэргүүлсэн Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хорооны хурлаар “Төрийн албаны гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл” уулзалт хэлэлцүүлэг  хийж, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, Сангийн яам, ХНХЯ, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагууд хамтран судалгаанд суурилсан, нэгдсэн санал боловсруулах ажил эхлүүлсэн. Дэлхийн банкны зөвлөмжөөр цалин хөлсийг ажлын үр дүнтэй, гүйцэтгэлийн чанартай холбох талаар бусад орны туршлагаас судалж, санал боловсруулж байгаа юм.

-Төрийн албан хаагчдаа сурч боловсроход дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Ли Куан Юүгийн нэрэмжит Сингапурын Төрийн бодлогын сургуулийн цахим тэтгэлэгт хөтөлбөрт салбаруудын төлөөлөл болсон, сонгон шалгаруулалтын босго давсан, шилдэг 20 албан хаагч хамруулсан. Төрийн бодлого боловсруулах, боловсруулснаа олон нийтэд хүргэх чиглэлээр Америк, Английн судлаач багш нар сургалт явуулж, манай суралцагчдыг өндрөөр үнэлсэн бөгөөд цаашид тус сургуультай хамтран ажиллахаар болсныг онцоллоо.

 

   Цахим зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүн Д.Баатарсайхан, Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, салбар зөвлөлийнхөнтэй төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтыг зохион байгуулах үйл явцын шинэчлэл, дэвшил, шинэ системийн давуу тал, түүнийг ашиглах талаар санал солилцлоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан