Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо

 

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөл хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн алслагдсан байдлаас үл хамааран бүх шатны боловсролыг тэгш хүртээмжтэй болгох асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.

Улсын Их Хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, “Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Манай улс Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг 2011 онд баталсан. Мөн парламент дахь хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлын сонгуулийн хуульд тухайн нам эвслээс нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар заасан. Бид цаашид энэ хувь хэмжээг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна” хэмээгээд Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хорооны Бодлогын зөвлөлд Улсын Их Хурлын 13 эмэгтэй гишүүн бүгд орж ажиллахаар болсныг хэллээ. 

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй, “Монгол Улсад айлчлах хугацаанд парламентын эмэгтэй гишүүдтэй уулзаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож байгаадаа баяртай байна. Манай улсын парламентад 35 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бусад улс оронтой харьцуулахад өндөр ч 50 хувьд хүргэх шаардлага бий. Харин орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, 50 хувьд хүрсэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аль ч салбарт хүйсийн тэгш оролцоо, тэнцвэрийг хангахад боловсролын тэгш байдал чухал үүрэгтэй. Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Тиймээс Сенатын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана” гэлээ.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, П.Анужин, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар оролцлоо. Францын талаас Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн, хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга, ноён Завье Вэрн, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жүльен Попер нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан