Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад хэн юу хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт боллоо. 

У.Хүрэлсүх: Цахилгаан, дулаан, хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан нь иргэдэд ихээхэн дэмжлэг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Монгол  Улсад хийж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна” гэж онцлоод  “Цар тахлын улмаас өнгөрсөн онд эдийн засаг 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсөж, сэргэлт ажиглагдаж эхэллээ. Энэхүү сэргэлтэд эдийн засгийн гадаад орчин багагүй нөлөө үзүүлсэн. Засгийн газар 2020-2021 онд 7.8 их наяд төгрөгийн өртөгтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь цар тахлын хүнд үеийг даван туулахад ихээхэн дэмжлэг болсон хэмээн иргэд талархан ярьдаг. Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөнд өнөөдрийг хүртэл 3.6 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж, 245 мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацаанд чамлахааргүй үр дүн юм” хэмээн дүгнэлээ.

Г.Занданшатар: “Ковид-19” эрсдэл дагуулахын зэрэгцээ олон боломжийг авчирч байна

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн өсөлт 2021 онд 4-5 хувь руу буурч болзошгүй байна. Хэдийгээр зэс, алт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөж байгаа ч гадаад валютын нөөц 500  сая ам.доллароор буурч, гадаад худалдааны тэнцэл алдагдлаа. Инфляц найман хувь руу дөхөж байна. Оносон дэвшсэн нь бас бий. Тиймээс бид цаашид хэрхэн ажиллах чиг, замаа зөв гаргахын тулд УИХ-ын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. “Ковид-19” эрсдэл дагуулахын зэрэгцээ олон боломжийг авчирч байна. Дасан зохицож, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хамтран ажиллаж, техникийн дэвшил инновацыг ашиглах, ингэснээр өөрийгөө болон бусдыгаа хамгаалах боломжийг нээж өглөө” гэсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ: Бид эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч анхаарах хэрэгтэй

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь”  зөвлөлдөх уулзалтын индрээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ:

-Бид эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн ажиллагаа удааширлаа. Учир нь, улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд улс орнуудын тээврийн шаардлага, дүрэм журам ихээхэн өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна.

Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Бид цар тахлын эхний арван сарыг харьцангуй тайван, сөрөг нөлөөг үзэлгүй өнгөрөөсөн. Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй, улмаар инфляц өссөн байдалтай байна. Энэ нь манай улсад эерэг сөрөг нөлөөтэй. Нүүрсний үнэ бидний тооцоолсноос ч өдөр байна. Гэвч инфляц мөн өслөө. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй. Монгол Улсын эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засагт шинэчлэлт хийхгүй бол дахин унах эрсдэлтэй. 5.3 хувийн агшилтаас аажим сэргэж байна. Бид хатуу хөл хорио тогтоосон бол эдийн засаг хасах хэвээр байх байв. Арван их наядын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлнэ. Засгийн газарт мөнгө байгаагүй. Энэ хөтөлбөрийг төрийн мөнгөөр хэрэгжүүлээгүй. Гагцхүү хадгаламжийн үлдэгдлийг зээл болгон гаргах сэдлийг л банкнуудад өгсөн гэсэн юм.

П.Батсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна

Зөвлөлдөх уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо солилцсон юм.

Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайхан: -Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчилж, тахлын дараа дэлхий хоёр хуваагдахаар хэмжээнд хүрлээ. Цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг бидний өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд хамаардаг. Үүнийг төр, хувийн хэвшил хамтдаа хийх ёстой. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр, тушаа болж байв. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно. Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, шийдвэрээ буцаах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхын санаа бодол гэж андуурч байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна.

Б.Жаргалсайхан: Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: -Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна. Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг байдлыг болиулж, хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний  гаргалт өссөнгүй.

ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй вэ. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвар авдаг жишгийг эргүүлэн тогтооё. Манайх шиг татваргүй улс алга. Тиймээс жорлондоо орохдоо машин унах шахуу байдалд орчихоод байна. Төрийн ордныг тойроод битүү приүс. Өглөө ирээд зогсчихдог. Үүнээс болж түгжрэл үүсэж, хаашаа ч явах гарцгүй,  ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын  энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв. 

Ж.Оджаргал: Том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй

MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал: -Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд хоёр тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүн баяны төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр  үнэ ханшийн хувьд оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй салбарууд. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна гэв.

Төрийн ордонд болж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад оролцож буй иргэд, хувийн хэвшлийн төлөөллийн зүгээс цар тахлын онцгой нөхцөлд онцгой байдлаар дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Тухайлбал, Ажил олгогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар  “Аж ахуйн нэгжүүдийг шалгаж, шантаажлахаа болиоч ээ,  2022 онд торгууль, хүү тооцохгүй байхаар ажиллавал маш сайн байна” гэв. Мөн халамжийн бодлогыг тэлснээс болж, ажиллах хүчний хомсдолд орчихоод байна, ажил хөдөлмөр хийж байгаа эгэл жирийн хүмүүсээ дэмжих бодлого боловсруулах цаг боллоо зэрэг саналыг хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан