Улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ “ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ”-ийн ойн мэнд дэвшүүлье.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед ажлын байраа хадгалан үлдэж, бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн эх үүсвэрээр хангаж буй татвар төлөгч та бүхэндээ нэн түрүүнд талархал илэрхийлж байна. Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барих Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль нь төрийн зүгээс татвар төлөгчдийг бүхий л боломж, нөхцөлөөр дэмжиж, орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах эрх зүйн чухал шинэчлэл гэдгийг та бүхэндээ дуулгая.
Жарны талыг туулсан “Шинэ үеийн татварын алба” нь бүрэн цахимжсан, татвар төлөгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон, олон улсын татварын харилцааны зарчмуудыг нэвтрүүлсэн орчин үеийн чадварлаг баг, хамт олон болон бүрэлджээ. Улс, нийслэл, орон нутгийн төсвийг бүрдүүлэн, татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгт хүчин зүтгэж, шинэ үеийн татварын тогтолцоог бүрдүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан татварын албаны анхдагчид, үе үеийн татварын байцаагчид, өнөөдөр хамтдаа зүтгэж буй та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа татвар төлөгчид, татварын албаныхан, та бид хамтран ойлголцож, хамтдаа урагшлах нь чухал байна. Хөгжлийн түүчээ болсон та бүхнийг цар тахлын үед хамтдаа, хүчтэй байж, төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР