Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-той энэ сарын 7-ны өдөр Вена хотноо уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж буй хүнд цаг үед Монгол Улсын гуравдагч хөрш Япон Улсаас дэмжлэг үзүүлсээр байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Мөн ирэх онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл харилцан солилцох арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Тухайлбал, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад айлчлаасай гэж хүсэж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлж, Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. “Япон лугаа хөгжье” санаачилгыг Монгол Улсын төр, засаг дэвшүүлэн ажиллаж байгаад Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико талархал илэрхийлээд, энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.
Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцлоо.