Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна
Цар тахлын тохиолдол дэлхийн улс орнуудад буурахгүй байна. ДЭМБ-ын мэдээллээр 2021 оны есдүгээр сарын 7-ны байдлаар “Ковид-19”-ийн цар тахал дэлхийн 225 улсыг хамарч, нийт 221.9 сая хүн халдвар авсны 4.5 сая нь нас барж, 198.5 сая нь эдгэрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 240.938 хүн өвчилсний 104.758 нь орон нутагт, 135.252 нь нийслэлд бүртгэгджээ.
Улсын хэмжээнд цар тахлаар 0-18 насны 46.019 хүүхэд өвчилсөн нь нийт халдварын 19.5 хувийг эзэлж, тэр дундаа 0-4, 5-11 насныхан нийт өвчилсөн хүүхдүүдийн 68 хувийг эзэлж байна. Коронавируст халдвараар өвчилсөн 2687 хүүхэд есдүгээр сарын 6-ны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Вакцины III тунд 134.991 хүн хамрагджээ
Засгийн газраас дөрвөн төрлийн вакцины нийт 6.188.590 тунг татан авч, хүн амаа вакцинжуулж байна. Вакцины нөөц хангалттай байгаа учир амын дунд дархлаажуулалт өндөр хувьтай явагдаж байна. Есдүгээр сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 69.0 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 64.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн вакцины гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 139.991 хүн хамрагджээ.
Улсын хэмжээнд өссөн дүнгээр жирэмсэн эмэгтэй 6114, хөхүүл эмэгтэй 5772, 12-15 насны хүүхэд 183.564, 16-17 насны 74.655 хүүхэд вакцины эхний тундаа хамрагдсан байна.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг арванхоёрдугаар сарын 31 гэхэд Яармаг руу нүүлгэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ыг барьж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
1. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны оффисын талбай болон иргэд олон нийтэд зориулсан талбайн дутуу ажлыг 2021 оны аравдугаар сард багтаан дуусгах.
2. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг цогцолборын “Б” хэсгийг дуусах хүртэл талбайн зохицуулалт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор багтаан нүүлгэн шилжүүлэх үүрэг өглөө. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шиилжүүлэх нь түгжрэлийг бууруулах томоохон хүчин зүйл гэж үзэж байна.
Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийв. Авлигатай тэмцэхэд хамгийн их чөдөр тушаа болж буй зүйлс нь улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчит компаниудын засаглал, тендер шалгаруулалт гэх судалгааны дүн гарчээ. Иймд засаглалыг сайжруулж, тендер шалгаруулах үйл явцыг ил тод болгохоор ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнд гадаадын зарим орны авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага, шүгэл үлээгчтэй холбоотой хууль тогтоомж, дагнасан шүүх байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой гадны зөвлөх үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авах, үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын ажлын байрны зураглал гаргах тухай мэдээллээ.
Улмаар авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг багасгах, хүний хүчин зүйлээс хэт хамааралгүй болгох зэрэг саналуудыг боловруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд авлигатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдол хамгийн их иржээ. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Газрын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг танилцуулга хийхийг мөн даалгалаа.
Боомтуудаар өдөрт дунджаар 40 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна
Хилийн Замын-Үүд боомт болон Эрээн хотод саатсан, уул уурхайн салбарын томоохон компаниудтай ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын ачаа барааг саадгүй нэвтрүүлэх хүсэлтийг Улсын онцгой комиссоос Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд уламжилсны дагуу дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Есдүгээр сарын 7-ны байдлаар өдөрт дунджаар Ханги боомтоор 47, Ярант боомтоор 50, Шивээхүрэн боомтоор 23 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Харин Гашуунсухайт боомтоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2 хүртэл 78 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн хяналтын бүсэд хяналт тавих, тээврийн ажлыг зохион байгуулах, Нүүрс тээвэр, экспортын төвийг байгуулсан. Чингэлэг тээврийн терминал байгуулах ажлыг “Энержи Ресурс” ХХК гүйцэтгэж, явц, чанар, төлөвлөгөөт ажлуудын хэрэгжилтэд уг төв хяналт тавьж ажиллаж байна. Тус терминалын бүтээн байгуулалтыг есдүгээр сарын 9-нд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм.
Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгохоор, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ дагуу Сангийн яам Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, арилжааны таван банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулжээ. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 17 аж ахуйн нэгж шалгарч, харилцагч арилжааны банкууд зээлийн нөхцөлийг судалж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ургацын урьдчилсан блансыг танилцууллаа. Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Энэ балансаас харахад, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга аж ахуйн нэгжүүдээс ирүүлжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалахын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Мөн Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оюутан, залуусыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улс –Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ стратегийн түншлэлд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран, хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна.
Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлах санаачилга дэвшүүлсэнтэй холбогдуулан 2022 оныг “Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгож, жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхийг төлөвлөж байна. Энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, хоёр талаас улс төр, бизнес, төр захиргааны байгууллага, соёл урлагийн төлөөлөл болох 50 шилдэг залуусыг харилцан илгээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх, хоёр орны харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг холбоход чиглэсэн бизнес форум зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Товч мэдээ
-
2021 оны Засгийн газрын шийдвэрийн биелэлтийн явцыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн эхний хагас жилийн дүнгээр нэгтгэж танилцуулав. Ерөнхий сайд Засгийн газрын хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудын биелэлтийг ч тогтмол танилцуулахыг үүрэг болголоо. Мөн биелэгдээгүй асуудлуудыг дахин нягтлан хариуцлага тооцож байх нь зүйтэй гэж үзлээ.
-
Мэргэжлийн боловсролын бодлого, зохицуулалтын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар зарим их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, ХААИС-ийн зарим факультетийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулахыг хуралдаанаас үүрэг болголоо.
-
Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
-
“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт таван байршилд нийт 43.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг баталлаа.
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Хэнтий аймгийн Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.
-
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсныг өнөөдөр хүлээн авна. Тус вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөж байна